Кубад ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрчээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-09-27 12:26:04

ХАВАНА. /VOA/. Кубад явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнгээр иргэд ижил хүйстний гэрлэлтийг дэмжсэн талаар тус улсын Сонгуулийн үндэсний зөвлөл даваа гарагт мэдээлжээ.


Ийнхүү ням гаргийн санал асуулгаар 100 хуудас бүхий шинэ гэр бүлийн тухай хуулийг баталсан байна. Энэхүү хууль нь зөвхөн ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөөд зогсохгүй хүүхэд үрчлэх, тээгч эх ашиглахаас гадна өндөр настан, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг арга хэмжээнүүдийн талаар тусгажээ.


Даваа гарагт Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель шинэ хууль батлагдсанд баяртай байгаагаа “Twitter” хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. Гэр бүлийн тухай хуулийг санал асуулгад оролцогчдын 66.9 хувь нь дэмжсэн бол 33.1 хувь нь эсрэг санал өгчээ.


1960, 1970-аад оны үед ижил хүйстэн хүмүүсийг хяхан хавчиж, хөдөлмөрийн лагерь луу илгээдэг байсан тус улсын хувьд энэхүү хууль нь түүхэн үйл явдал болж байна. Хэдийгээр Кубад ижил хүйстний харилцааг 1979 онд хуульчилсан ч ийм хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал байсаар иржээ. 

Холбоотой мэдээ