ГОВЬ-АЛТАЙ: "Эко клубийн хүүхдүүд-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг" чуулга уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-26 14:56:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цогт сумын ИТХ, ЗДТГ-ын санаачилга, НҮБ-ын Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөр, Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгээр Орчны бүсийн сумдын "Эко клубийн хүүхдүүд-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг" чуулга уулзалт Говь-Алтай аймгийн Цогт суманд боллоо. 

Чуулга уулзалт энэ сарын 23, 24-нд хоёр өдрийн турш болсон бөгөөд уулзалтад: 

-Говь-Алтай аймгийн Цогт сум

-Говь-Алтай аймгийн Алтай сум

-Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум 

-Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон 

-Баянхонгор аймгийн Шинэжинст сум 

-Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумдын 140 хүүхдэд оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн санал бодлоо солилцов.

Түүнчлэн санаачлан зохион байгуулагч Цогт сумын Засаг дарга Л.Насанбуян, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Болдбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн орон нутаг хариуцсан холбогдох албаны мэргэжилтнүүд "Уур амьсгалын өөрчлөлт"-ийн талаар мэдээлэл хийсэн юм.

Мөн үеэр НҮБ-ын хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй Ус хангамж, ариун цэвэр эрүүл ахуйн хөтөлбөрийн санхүүлжилтээр Цогт сум, Баянтоорой тосгон, Эрдэнэ суманад асар, Алтай суманд гэр дулаалгын багц, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст суманд 100 ширхэг гар нүүрний саван зэргийг гардуулан өглөө.

-Цогт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Цэцгийн үзэсгэлэн" дэлгэсэн ба оролцогч хүүхдүүдийн дунд нөхөрсөг "Гар бөмбөг"-ийн тэмцээн зохион байгуулжээ.


"Ээж хайрхан" уулын үзэсгэлэнт газраар хүүхдүүд маршрутын дагуу байгалийн дурсгалт газартай танилцаж  ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас хүүхдүүдэд "Нүүдэлчин авдар" өртөөчилсөн тоглоомыг өрнүүлсэн тухай холбогдох албанаас мэдээллээ.


Холбоотой мэдээ