Таван салбар хуралдаанд 140 гаруй эрдэмтэн илтгэл тавьлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-17 20:10:13

Олон улсын Монголч эрдэмтний 11 дүгээр Их хурлын гурав дахь өнөөдөр таван салбар хуралдаанаар амжилттай үргэлжилж, 140 гаруй эрдэмтэн илтгэл тавьлаа. 

”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр өрнөж буй энэ удаагийн Их хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэн, биет бус өвийг тээгч иргэд оролцож байгаа. Их хурал “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн таван сэдвээр үргэлжилж байгаа юм. Салбар хуралдаануудад эрдэмтдийн тавьсан илтгэлийн талаар тоймлон хүргэж байна.   

“Монгол хэл бичиг судлал” сэдэвт

Нэгдүгээр салбар хуралдаан

Тус салбар хуралдааны хувьд өнөөдөр 30 гаруй эрдэмтэн Монгол хэлний толь зүй, орчуулга судлал, Монгол хэлний авиа судлал, нутгийн аялгуу судлал багц сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцлээ. Тухайлбал Ц.Оюуны “Зөв бичгийн дүрмийн бүтэц Тогтолцоо ба шинэчлэл” илтгэлд “Кирил бичгийн зөв бичих дүрмийг орчин цагийн хэл шинжлэлийн ололт, хагас зуун жилийн туршид хөгжин баяжсан үгийн сан хөмрөг, орчин цагийн монгол хэлний авианы байрлал, үгийн бүтэц зэргийг сайтар харгалзан суурин дээр нь бага зэрэг засвар баяжуулалт хийх шаардлагатай нь зайлшгүй. Гэхдээ хэл шинжлэлийн үндэс, зүй тогтол, тогтолцоог нь эвдэж болохгүй юм. Кирил бичгийн зөв бичих зүй тогтол, тогтолцоот чанарыг чанд баримтлахын зэрэгцээ, Ц.Дамдинсүрэн нарын 1983 онд бичсэн “Монгол үсгийн дүрмийн толь”-д тогтоосон дүрмийн зарчим, үндсийг эвдэлгүй хадгалан, зайлшгүй боловсронгуй болгох зүйлийг нь тууштай нэмэн баяжуулж, шинэчлэх шаардлага бий юм. Ингэснээр, кирил бичгийн зөв бичих зүйг хэл шинжлэлийн ололт, хэрэглээгээр баяжуулсан шинэчлэл болно гэж үзэж байна” гэсэн санааг дэвшүүлж байлаа. 

Ж.Санжаагийн “Тогтолцооны онол хийгээд түүний нэгжүүд” илтгэлд “Хэлний хамгийн бага нэгж – авиа нь их авиалбар, авиалбар, авиа болон тэдгээрийн олон янзын хувилбаруудыг багтаасан бүтэцтэй, хоймсон, гуравласан шүтэлцсэн тогтолцоотой, ил далд биетэй, ерөнхий - тусгай, хийсвэр - бодит, бүхэл - хэсгийн харьцаатай, хэмнэл хөдөлгөөнтэй, хийсвэр дохионы нэгж юм. Иймээс хэлний хамгийн бага нэгж нь нэг харьцаанд авиа, авиалбар, их авиалбар, тэдгээрийн хувилбар мөн, нөгөө харьцаанд авиа, авиалбар, их авиалбар, тэдгээрийн хувилбар биш гэсэн хөдлөнгө тодорхойлолт дэвшүүлж байна. Хэлний хамгийн бага нэгжийн дотоод мөн чанар нь бие, хэл, сэтгэлд хурж, гадаад мөн чанар нь дуу авиа, үсэг тэмдэг, дохио зангаагаар илэрдэг. Иймээс нэг талаас бодитой, нөгөө талаас хийсвэр хоосон чанартай. Тэгэхээр авиа гэдэг бол сэтгэлийн гүнд далд орших хоосон
чанарт зүйл юм" гэж онцоллоо.

Ц.Батдоржийн “Монгол хэлний эгшгийн тогтолцоон дахь маргаантай зарим асуудал” илтгэлд Монгол хэлний авиа зүйн уламжлалт судалгаанд халх аялгууны үгийн тэргүүн үеийн /e/ авиалбарын хувилбар гэж үздэг авиаг /i/ авиалбарын хувилбар гэж үздэг авиатай харьцуулан туршилт авиа зүйн судалгааны дууны ухааны туршилтын арга болон сонсголын туршилтын аргaар нягтлан шинжилсэн бол Ясүхиро Ямакошигийн “Монгол төрөл хэлнүүдийн гишүүн бус өгүүлбэр” илтгэлд ““Орчин цагийн монгол хэлэнд болзох нөхцөл ‘-вал4’ буюу түүнээс үүссэн сул үг ‘бол’ зэрэг хэлбэр (бүтээвэр) байдаг. Энэ xэлбэртэй үйл үг нь нийлмэл өгүүлбэрийн доторхи гишүүн өгүүлбэрийн өгүүлэхүүн болдог. Сул үг бол нь гишүүн өгүүлбэрийн өгүүлэхүүнийг хэлбэржүүлдэг боловч, зарим үед (ялангуяа ярианд) гол өгүүлбэрийг хасаж гишүүн өгүүлбэрийг тусад нь хэрэглэнэ. Монгол хэл шинжлэлийн нэр томъёонд clause, sentence хоёрыг ялгахгүй, аль алийг нь “өгүүлбэр” гэж хэлдэг. Гэвч insubordination мэтийн хэлзүйн үзэгдэлийг оновчтой тайлбарлая гэвэл clause, sentence хоёрыг тод ялгах хэрэгтэй гэж би үзэж байна” гэжээ.

“Монголын түүх судлал” сэдэвт

Хоёрдугаар салбар хуралдаан 

Тус салбар хуралдаанд өнөөдөр “Монголын эзэнт гүрэн, түүний дэлхий дахинд гүйцэтгэсэн үүрэг, байр суурь”, “Монголын шинэ түүхийн судалгаа ба баримт”, “Түүх бичлэг, сурвалж судлалын өнөөгийн байдал, чиг хандлага” гэсэн багц сэдвийн хүрээнд 34 эрдэмтэн илтгэл тавьлаа. Тухайлбал Ж.Базарсүрэнгийн “Их Монгол Улсын цэргийн урлаг: уламжлал, шинэчлэл” илтгэлд “Чингис хааны цэргийн стратеги, тактикийн бодлого, төлөвлөгөө нь “Аугаа их суу залийн ивгээл”-д буюу хамтын оюун ухааны хүчинд түшиглэсэн, монгол цэргийн хүчин чадавх, байлдах урлагийн өвөрмөц чанарт зохицсон байснаараа онцлог бөгөөд
монгол жанжидын үе хэтийдсэн мэргэн ухаан, цэрэг, дайны сэтгэлгээ, цэрэг дайчдын эрдэм чадлаар баяжин арвижиж аугаа их ялалт болон хувирдаг байсан билээ. Тийнхүү Чингис хаан тэргүүтэй монгол цэргийн жанжид монгол цэргийн эрдэм ухаан буюу урлагийг хамгийн өндөр оргилд нь хүргэж чадсан байжээ” гэж дурдагдлаа. 

Ц.Ишдоржийн “Хүн төрөлхтөний түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмэр” илтгэлд “XIII-XIV зууны үед монголчууд даяар ертөнцийн их эзэнт гүрэн байгуулснаар дэлхий дахинд хүн төрөлхтөний их бүтээн байгуулалтын үе эхэлсэн гэж үзэж түүний учир шалтгааныг тайлбарлахыг хичээсэн. Тэр үед хүн төрөлхтөний түүхэнд гайхамшигтай их гавьяа байгуулсан нүүдэлчин монголчуудыг гайхмаар их гай тарьсан мэтээр ойлгуулахыг хичээсэн улс төрийн ташуур орсон уршиг согогтой үзэл баримтлалыг залруулж үнэн мөнөөр нь олон нийтэд ойлгуулах цаг болсон гэж үзсэн. Их бүтээн байгуулалтыг нэг хүн хийгээгүй, нэг өдөр бүтээгээгүй нь үнэн боловч монголчуудын их хүчтэй түлхээсээр яаруу давчуу хугацааны дотор эхэлж, орчлон хорвоогийн жамаар хөгжсөн нь бодитой юм” гэж онцоллоо. 

“Соёл, утга зохиол судлал” сэдэвт

Гуравдугаар салбар хуралдаан 

Тус салбар хуралдаанд “Соёл судлал”, “Урлаг судлал”, “Аман зохиол судлал” багц сэдвийн дор 33 эрдэмтэн илтгэл тавьлаа. Ж.Саруулбуяны “Бурхан халдуны урианхан нар Их Эзнийхээ алтан хөмрөгийг хадгалсаар ирсэн нь” илтгэлд “Бурхан Халдуны урианхан нар хойч үеийн бидэнд юу үлдээв. Тэд эртний урианханы язгуур үг хэлээр нэрлэгдсэн Хан Хэнтийн нуруу болоод Бурхан Халдун, Гурван мөрний эхэн ай сав газрын нэр усыг домог түүхтэй нь өвлөн үлдээсэн. Их хаадын тамгыг тахилгын газраа чулуунаа сийлж үлдээснийг өвлүүлэн авч ирсэн (тухайлбал, Онон Хэрлэний ай сав, Хөдөө арал, Рашаан хад, Төмстий,
Тунсаг овоо). Эртний урианхан нарын овгийн тамгыг адууны тамгандаа шилжүүлж хадгалан ирсэн нь эдүгээ бүх урианхан, урианхад, урианхай нарын овгийн тамга болсон. Үүний язгуурыг хөөвөл их хаадын тамгатай холбогдож буй хэрэг” гэж дурдлаа.

Ж.Батсуурь, Ц.Чулуунцэцэгийн “Монгол хүн, уртын дууны соёл, байгаль хоорондын шүтэн барилдлага” илтгэлд “Монгол уртын дуу, дуучдын дуун хоолой хооронд илэрсэн хамгийн өндөр эерэг шүтэлцэл (r=0.90-1.00) нь авиа ялгах ярианы урьтал байдлаар эртний хүмүүсийн харилцаанд хэрэглэгдэж байсан “аялгуут яриа”-ны хэлбэрээс аажмаар бие даасан
дуун урлагийн чиглэл үүссэн болохыг гэрчилж байна. Түүхэн хугацааны хувьд наанадаж 27430 жилийн өмнөөс эхлэлтэй энэхүү үзэгдлийн өлгий нутаг нь Монгол орны уртрагийн 1070-1080, өргөргийн 450-460 хоорондын огтлолцлын орон зай буюу өнөөгийн ДУ аймгийн Дэрэн, Гурвансайхан, Говь-Угтаал, Баянжаргал, Өндөршил, Өлзийт сумдын нутгийг хамарсан 8927.0 км2 нутаг болох нь нээгдэж байна” гэжээ. 

Л.Хасбаатарын “Уулын тосгоны үндэстний амьдрал хийгээд Р.Чойномын гэгээн мэлмий” илтгэлд “Р.Чойном Дагестаны алдарт яруу найрагч Разул Гамзатовыг маш хүндлэн
биширдэг байсан бөгөөд түүний шүлэг найраглалаас олныг орчуулж байсан. Энэ дундаа “Кавказ аялгуу”-г нь орчуулж байх үедээ уг найраглалаас олон зүйлийг олж мэдэрсэн байх учиртай. Энэ бол маргашгүй үнэн болох мөртлөө Р.Чойномын “Кавказ” найраглал бичихийн үндэс суурь нь болсон гэж болно. Энэ найраглалд буй 175 үгийн тайлбараас уншигчид тухайн жилүүдэд дэлхий дахинаа болж байсан учир явдлуудыг Кавказын түүхээс ойлгож мэдэхээр барахгүй энэ нутгийн газар усны нэрс, ёс заншил, түүх соёлтой холбоотой маш олон зүйлийг уншин ойлгоход дутаж болшгүй мэдлэгийн далай болсон байна. Нэг л үгээр хэлбэл энэ нутгийн тухай тайлбар толь бичгийг уншсантай ялгаагүй болой” гэжээ. 

“Монголын гадаад харилцаа судлал” сэдэвт

Дөрөвдүгээр салбар хуралдаан 

Тус салбар хуралдаанд өнөөдөр “Олон улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал”, “Гадаад дахь монгол судлал” гэсэн багц сэдвийн дор 32 эрдэмтэн илтгэл тавьлаа. Х.Бэхбатын “Монголын гадаад бодлогын хувьсал хөгжлийн зарим асуудлууд” илтгэлд “Монгол Улсын төвийг сахих статусыг хуульчлан олон улсын хэмжээнд баталгаажуулах тэр цаг нь болсон эсэх талаар маргагчдын байр суурь эрс зөрүүтэй хэвээр байна. Монгол Улс төвийг сахих нь уг статусыг тунхаглан хуульчлах, олон улсын хэмжээнд, юуны өмнө хөрш хоёр улсаараа хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэсэн хэд гурван үйлдлээр хязгаарлагдахгүй нь тодорхой. Төвийг сахих үзэл нийгмийн ухамсарт шингэж, гадаад бодлогын сэтгэлгээний соёл болж биежиж байж гэмээнэ сая бодитой болох бөгөөд чингэтэл нэлээд хугацаа шаардагдах бололтой. Эцсийн бүлэгтээ манай улсын газар зүйн байдал болон бусад хүчин зүйлсийг харгалзсан, төвийг сахих олон улсын дэглэмийн өвөрмэц шинэ загвар, монгол загвар бүрэлдэх магадлалыг үгүйсгэх аргагүй гэж үзүүштэй байна” гэж онцоллоо. 

Д.Шүрхүү “Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын ажиллагааны шинэ өрнөлт: эрх ашгийн нийцэл ба зөрчил” илтгэлдээ гурван талт хамтын ажиллагааг харилцан ашигтай, үр өгөөжтэй чиглэлд хөгжүүлэх талаар зарим тодорхой саналуудыг дэвшүүлсэн бөгөөд “Узбекийн Ташкент хотноо 2016 оны 6-р сард Монгол-Орос-Хятадын 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт амжилттай болж, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр баталсан явдал хөрш гурван орны хооронд гурван талт яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа нэлээд эрчимжих шатандаа орсны илэрхийлэл боллоо. Ийнхүү гурван талт харилцаа, хамтын ажиллагааг идэвхжихэд дотоод гадаад олон хүчин зүйлс нөлөөлсний дотор гурван талын эрх ашгийн нийцэл, харилцан ашигтай хамтран ажиллах нийтлэг хүсэл эрмэлзэл нэмэгдсэн нь чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол, Оросын эрдэс баялгийн баялаг нөөцийг Хятадын асар том зах зээлтэй, Орос, Монголын газарзүйн өвөрмөц байршил, өргөн уудам нутаг дэвсгэрийг Хятадын хөрөнгө санхүү, ажиллах хүчний нөөцтэй уялдуулах гэх мэт харилцан бие биеэ нөхсөн давуу талууддаа түшиглэн хамтдаа хөгжих хүсэл сонирхол нэмэгдэж байна. Гэхдээ Орос-Хятадын хооронд Монгол дахь геополитикийн болон гео эдийн засгийн ашиг сонирхлын ил далд зөрчил, өрсөлдөөн, Монгол Улсын хөрш их гүрнүүдийнхээ улс төр - эдийн засгийн хэт их хараат байдалд орохоос болгоомжилсон бодлого, үйл ажиллагаа гэх мэт сөрөг хүчин зүйлсийг даван туулах шаардлага ч урган гарч
байна. Үүний илрэл Монголын нутгаар дайруулан хийн хоолой тавих, Монгол дахь төмөр зам, уул уурхай, эрчим хүч, нефть боловсруулах томоохон төслүүд тойрсон зөрчил зөрөлдөөн юм” гэж онцлов. 

“Монголын нийгэм, эдийн засгийн судлал” сэдэвт

Тавдугаар салбар хуралдаан 

Уг салбар хуралдаан өнөөдөр “Монголчуудын шашин, философийн үзэл санаа”, “Монголын нийгэм: өөрчлөлт, хандлага” сэдвийн дор өрнөж, 20 эрдэмтэн илтгэл тавьлаа. Тухайлбал Б.Даш-Ёндонгийн “Төв үзэл ба орчин үеийн Монголын улс төрийн сэтгэлгээ” илтгэлд “Төв үзэл бол туйлшрах хийгээд бөөрөнхийлөхийн аль алиныг нь даван туулж тэдгээрээс дээш гарсан нэгдлийн гүн ухаан мөн. Төв үзлийн буюу дундад үзлийн онолыг манай монголчууд эртнээс судлан ашиглаж ирсэн түүхтэй. Эдүгээ цагт манай Монголд төрийн улстөр, эдийн засаг, хүмүүнлигийн бодлогод төдийгүй хүмүүсийн ёс суртахуунд төв үзлийн арга зүй буюу дундадын онол чухал ач холбогдолтой. Төв үзлийн арга зүйн үндсэн дээр Монголын хөгжлийн философижсон бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх нь өнөө үеийн чухал шаардлага болж байна. Энэ нь нийгмийн шинэ байгууламжийн тухай санаанд хүргэж байгаа юм” гэж онцлов. 
Тэгвэл Р.Дарьхүүгийн “Монголчуудын ёс суртахууны эрхэмлэл ба тогтвортой хөгжил” илтгэлд монголчуудын ёс суртахууны эрхэмлэл нь өргөн агуулгатай бөгөөд орчин үед ч түүнээс суралцах зүйл их байгааг харуулахыг зорьж, нийгмийн тогтвортой хөгжилд монголчуудын ёс суртахууны эрхэмлэл чухал үүрэгтэй болохыг холбогдох эх сурвалжуудад тулгуурлан авч үзжээ. 

Олон улсын Монголч эрдэмтний 11 дүгээр Их хурлын гурав дахь ийнхүү өндөрлөлөө. Маргааш салбар хуралдаанууд үргэлжлэн хуралдаж дууссанаар Их хурлын хаалтаа хийнэ. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ 

 

Холбоотой мэдээ