Нийтийн тээврийн хүндрэлийг яаравчлан шийдэхийг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-20 09:21:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд ажлын өдрүүдэд 965, амралтын өдрүүдэд 720 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байна.


Хүн тээврийн ачаалал ажил цуглах, тарах үеэр нэмэгддэг бол өдрийн цагаар ачаалал харьцангуй багасаж байгааг шуурхай зөвлөгөөний үеэр дурдлаа. Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, эмх цэгцтэй болгохоор нийслэлийн Нийтийн тээврийн газраас хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтран шинэлэг үйлчилгээг эрэлхийлж байгааг тус газрын дарга Ч.Сайханбаяр тэмдэглэв.


Тухайлбал, өнгөрсөн 7 хоногт “Mood of Mongolia” байгууллагын залуустай хамтран Ард кино театрын автобусны буудал дээр “Цэгцтэй автобусны буудал” туршилт хийжээ. Энэ нь тухайн буудалд зогсож буй автобусыг чиглэл, чиглэлээр нь тусгайлсан баганын дэргэд зогсоож, иргэд тэрхүү баганын дагуу ирсэн дарааллаар эгнэн зогсож, үйлчлүүлэх туршилт байв. Энэ нь бусад улс оронд, тодруулбал БНСУ-д хэрэгжиж үр дүнгээ өгсөн туршилт бөгөөд автобуснууд зөвхөн тэмдэгт газарт зогсох, иргэд эмх замбараатай үйлчлүүлэх боломж олгож байгаа юм. Ингэснээр цаг хэмнэх боломжтойг мөн үеэр дурдаж байлаа.


Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийтийн тээврийн салбарын удирдлагууд, хувийн салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран тус салбарт тулгамдаж буй асуудлыг газар дээр нь нягтлан, нэн даруй шийдэх үүрэг өглөө. Авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт бүрэн зориулах, ингэснээр автобусны үйлчилгээг сонгох боломж олгох гэхчлэн хүйтэн сэрүүний улиралд яаравчлан шийдэх асуудал байгааг анхааруулжээ.

 

Холбоотой мэдээ