Хэвлэлүүд: Путин, Ши нар уулзалтын үеэр дотно байдлаа харууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-09-16 09:34:33

САМАРКАНД. /DW/. Орос, Хятадын удирдагчид болох Владимир Путин, Ши Жиньпин нар Украинд дайн эхэлснээс хойш хийсэн анхны уулзалтынхаа үеэр ойр дотно байдлаа харууллаа гэж "dpa", "Reuters" агентлагууд мэдээлж байна.


Улстөрчид Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт болж буй Самарканд хотноо есдүгээр сарын 15-ны пүрэв гарагт уулзсан юм. "Украины хямралтай холбогдуулан хятад найз нөхдийн тэнцвэртэй байр суурийг бид өндөр үнэлж байна" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.


Путиний хэлснээр, Москва, Бээжин “ямар нэгэн дүрэмд бус олон улсын хууль дүрэм, НҮБ-ын гол үүрэгт суурилсан олон туйлт дэлхийн дэг журам" байгуулахыг хамтдаа дэмжиж байна.


Владимир Путин мөн “нэг Хятад” зарчмыг Москва хатуу баримталж байгаа бөгөөд Тайванийн хоолойд "АНУ болон түүний хамсаатнуудын өдөөн хатгалгыг" буруушааж байна гэж Ши Жиньпинд мэдэгджээ. 


2022 оны эхний долоон сарын байдлаар Орос, Хятадын худалдааны хэмжээ 25 хувиар өссөнийг Кремль онцолсон байна. Ойрын ирээдүйд жилийн худалдааны эргэлтийг 200 тэрбум ам.доллар (200 тэрбум евро) хүртэл нэмэгдүүлнэ гэж Москва цохон тэмдэглэжээ.


Хятад улс Орост авсан Барууны хоригийг буруушаав

Хариуд нь Ши Жиньпин улстөрчид утсаар "үр дүнтэй стратегийн холбоо харилцааг" хадгалж байгааг тэмдэглэсэн байна. 


"Бид Оросын хамт олонтойгоо дэлхийн хариуцлагатай гүрний үлгэр жишээг үзүүлж, ийм хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийг тогтвортой, эерэг хөгжлийн замд оруулахад манлайлах үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна" гэж Ши Жиньпин мэдэгджээ.


Хятад улс Оросын эсрэг Барууны хориг арга хэмжээг буруушааж, Украин дахь Путиний үйл ажиллагааг ойлгож буйгаа харууллаа гэж "Reuters" агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Путинийг "хуучны анд найз" хэмээн нэрлээд, Хятад улс ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлнэ гэжээ. 


Ши Жиньпин цар тахал дэгдсэнээс хойших анхны гадаад айлчлалаа есдүгээр сарын 14-нд Казахстанд хийсэн юм. Нур-Султанд хэлэлцээ хийснийхээ дараа тэрбээр Узбекистаныг зорьжээ. Есдүгээр сарын 16-ны баасан гарагт тэрбээр Самарканд хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад үргэлжлүүлэн оролцоно. Дээд хэмжээний уулзалтад мөн Туркийн удирдагч Режеп Тайип Эрдоган, Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар оролцож байна.


Холбоотой мэдээ