АЙЛЧЛАЛ: Гурван тал эдийн засгийн коридорын хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлэхээр санал нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-09-16 07:50:47

Самарканд /МОНЦАМЭ/. ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр болон гурван талт уулзалтууд зохион байгууллаа. 


Уулзалтуудаар ямар сэвдийн хүрээнд ярилцсаныг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяраас лавласан юм.
-Хоёр талт болон гурван талт уулзалтад оролцсон улс орны төрийн тэргүүн, олон улсын удирдлагуудтай ямар сэдвийг түлхүү хөндөж ярилцсан бэ?

-ШХАБ-ын хуралд ажиглагчийн хувиар оролцож, гадаад бодлогын маш олон асуудлыг 2 талын хүрээнд ярилцаж байна. Хоёр талын олон уулзалт хийлээ. НҮБ-ын Ази Номхон Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзаж, НҮБ-ын хүрээнд Ази Номхон далайн бүс нутагт хэрхэн хамтарч ажиллах, Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлалаас хойш ямар ажлыг үргэлжлүүлж бүс нутагтаа хийх, энэ айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлыг Ази Номхон далайн бүс нутагт хэрхэн цогцлоож, хамтарч ажиллахыг ярилцлаа.


Түүнчлэн, Узбекистан Улсын Ерөнхийлөгчтэй 2 талын харилцааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Дипломат харилцаа тогтоосноос хойш багагүй хугацаа өнгөрсөн ч 2 орны хооронд идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа өрнөөгүй байсан. Энэ нь Узбекистан Улсын түүхтэй холбоотой. Мөн 2016 оноос хойш илүү нээгдэж байгаа үйл ажиллагаанд манай улсын Ерөнхийлөгчийн хийж буй энэ удаагийн айлчлал ач холбогдолтой юм. Хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх түншүүдтэйгээ ярилцлаа.


-Хоёр талын уулзалтад оролцогч тал ямар байр сууринаас хандаж, тодорхой санал санаачилга гаргав?

-Узбекистан Улсын хувьд манай улстай түүхэн холбоотой. Бүх салбарт ялангуяа эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, худалдааны эргэлтийг сэргээж өндөр түвшинд хүргэе, соёл боловсролын салбарт ч гэсэн эрчимтэй хамтын ажиллагаа өрнүүлье гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх боломжтойг илэрхийлсэн. Энэ айлчлалын хүрээнд 2 тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд харилцан Элчин сайдын яамдаа нээхийг судалж үзэх шийдвэр гаргасан.


-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт хэрхэн болж өрнөсөн талаар ярина уу?

-Энэ удаагийн 3 талт уулзалт маш ажил хэрэгч боллоо. Гурван улс байр сууриа илэрхийлж, тодорхой асуудлыг хөндөн, эдийн засгийн коридорын талаар дэлгэрэнгүй ярилаа.


Гурван тал гурвуулаа хийн хоолойн талаар ярьсан нь энэ ажил бодитой хэрэгжихээр харагдаж байна. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн энэ үед боомтын асуудлыг нааштай авч үзэн, шаардлагатай газар нь зохицуулалт хийж, нээж, төмөр замыг ч гэсэн боломжтой газар нь холбож, эдийн засгийн коридорын хөтөлбөрийг амжилттай, эрчимтэй хэрэгжүүлье гэдэгт 3 тал байр сууриа илэрхийлж санал нэгдлээ. Энэ нь маш чухал, урагш алхсан алхам юм.


Бүх боомтыг боломжоороо нээж, шинэ цаг үе, шинэ нөхцөл байдал үүссэн энэ үед шинэ хамтын ажиллагааг хамтдаа зураглан, төлөвлөж, харилцан ашигтай байх зарчим дээр хамтран ажиллая гэсэн 3 талын харилцан ойлголцол үүслээ гэж харж байна.

Холбоотой мэдээ