НҮБ-ын тэргүүн хурцадмал байдлыг намжаахыг Азербайжан, Арменид уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-09-14 17:05:46

НЬЮ-ЙОРК. /Anadolu/. НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш Азербайжан, Арменийн талуудад хандан хурцадмал байдлыг намжаахыг мягмар гарагт уриалжээ. 


“Ерөнхий нарийн бичгийн дарга Армени-Азербайжаны хилийн дагуу ахин мөргөлдөөн гарсан тухайд ихээхэн санаа зовниж байна” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлсэн байна. 


А.Гутерреш хурцадмал байдлыг намжааж, аливаа асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг хоёр талд уриалсныг С.Дюжаррик уламжилжээ. 


Азербайжаны талын хувьд Арменийг сүүлийн өдрүүдэд “томоохон өдөөн хатгалга” явуулж байна гэж буруутгасан бөгөөд хорлон сүйтгэгчид мина байрлуулж, Арменийн цэргүүд Азербайжаны байрлал руу гал нээсэн гэж мэдэгдсэн байна. 


Эдгээр үйлдэл нь Арменийн хүчинд эсэргүүцэл үзүүлэхэд хүргэсэн гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мэдээлээд, мөргөлдөөний улмаас хоёр талын цэргүүд амиа алдсаны дунд Азербайжаны 50 цэрэг байсныг тэмдэглэжээ. 


Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Армени болон Азербайжаны харилцаа олон улсад Азербайжаны нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Уулын Карабах гэгддэг газар нутгийг 1991 онд Арменийн зэвсэгт хүчин эзэлснээс хойш хурцаджээ. 


2020 онд Азербайжан улс Арменийн эзэлсэн хэд хэдэн хот, 300 гаруй суурин, тосгоныг чөлөөлсөн бөгөөд Оросын зуучилсан хэлэлцээрээр байлдааны ажиллагаа дууссан байна.

Холбоотой мэдээ