ДОРНОД: 47 хүлэмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-01 16:29:06

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт хэрэгжүүлж байгаа “10 мянган хүлэмж” төсөл өгөөжөө өгч эхэллээ.

Тус аймаг 24 мянга гаруй өрхтэй, харин аймгийн хэмжээнд “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл”-д 23 ААН, 1246 өрхийн тариаланч бий. Тиймээс цөөн тооны тариаланчдаа харж суухгүйгээр өрх бүр хэрэглээний ногоогоо өөрсдөө тарих, илүүг нь худалдах боломжийг дээрх төсөл олгож байгаа юм. Ийнхүү хүнсний ногооны нэр төрөл, өрхийн аж ахуйг нэмэгдүүлснээр ирэх таван жилд хэрэгцээт хүнсний ногооны 50-иас доошгүй хувийг орон нутгийн үйлдвэрлэлээс хангахаар зорьж байна.

Төслийн хүрээнд сүүлийн гурван жилийн турш 428 иргэн, ААН-д 4х8 хэмжээтэй 32 м.кв талбайтай 381 хүлэмж, 6х10 хэмжээтэй 60 м.кв 47 хүлэмжийг хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр хариуцлагын гэрээ байгуулан олгожээ.

“10 мянган хүлэмж” төсөлд өрхийн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тариалан эрхлэгч иргэн, ААН, хоршоо, нөхөрлөл хамрагдах боломжтойгоос гадна эхний ээлжинд 0.7 га өмчлөлийн болон бусад эзэмшлийн ногоо тарих газартай, ус, усалгааны эх үүсвэрээ шийдсэн байх шаардлагыг тавьж байгаа аж. Түүнчлэн өрхийн үйлдвэрлэлээс гадна ногоо тариалах талбайн хэмжээ, өртөг өндөр нарийн ногоогоор хангах, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, борлуулалтыг дэмжих үүднээс Дорнод аймаг, сумын иргэдийн хүнсний хэрэгцээний хангамжийг дотоодоосоо хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Холбоотой мэдээ