БНАСАУ коронавирусний цар тахлыг даван туулсан уу?

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-29 21:00:16
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНАСАУ-д коронавирусний нөхцөл байдал сүүлийн үед ямар байгаа талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой товч ярилцлаа. 


-Дэлхий нийтийг цочроогоод 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй Ковид-19-ийн нөхцөл байдал өнөөдөр ч хэвээрээ байх шиг байна. Тэр дундаа БНАСАУ-ын нөхцөл байдал ямар байгаа эсэх нь олон хүний анхаарлыг татдаг шиг санагддаг. Та бүхэнд энэ талаар сүүлийн үеийн мэдээллээ бидэнтэй хуваалцаач?

-Хүн төрөлхтөн бид бүхэн хамтдаа хэцүү цаг үеийг хамтдаа туулан, амжилт, алдаа оноо аль алиныг нь үзэж, туршлагаа хуримтлуулсаар ирлээ. Олон улс судлын чиглэлээр дагнан үйл ажиллагаа эрхэлдэг манай хүрээлэнд Солонгос судлалын сектор бий. Төсвийн байгууллагуудын нэгэн адил хүн хүчний нөөц боломж тэр бүр хангалтгүй ч гэлээ өөрсдийнхөө хэмжээнд судалгаагаа үргэлжлүүлсээр ирлээ. Цар тахал дэгдсэн эхний мөчөөс эхлэн хилийн хоригоо өндөр түвшинд хадгалсаар ирсэн БНАСАУ-ын хувьд нөхцөл байдал ихээхэн онцлогтой харагддаг. 


-Харин хил гаалийн онцгой дэглэм мөрдсөн энэ улсад халдвар хаанаас яаж тархсан байдаг нь  их сонирхолтой юм?

-Судлаач бид хэвлэл мэдээллийн салбарын та бүхнээс нэг их ялгаатай биш л дээ. Гэхдээ хамтран ажилладаг байгууллагууд, тэр дундаа Монгол Улсад суугаа БНАСАУ-ын ЭСЯ-аар дамжуулан авдаг албаны мэдээнд голлон тулгуурладаг даа. Тэдний ГХЯ-наас гаргасан мэдээнд дурдахдаа энэ оны 4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр анх тус улсад коронавирусний халдвар албан ёсоор бүртгэгдсэн гэжээ. Уг мэдээнд дурдахдаа үндсэндээ 3 улстай хиллэдэг энэ улсын хувьд ихэнх тохиолдол нь ОХУ, БНХАУ-тай биш харин БНСУ-тай хиллэдэг хэсэгт бүртгэгдсэн. Харамсалтай нь бидэнд байгаа мэдээнд өвчлөлтэй холбоотой нарийвчилсан мэдээлэл байхгүй байна. Харин та бид бүгдээрээ мэдэж байгаачлан энэ сарын 10-ны өдөр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Чен Ун шаргуу ажилласан цэргийн эмч нартай уулзаж, тэднийг өндрөөр үнэлсэн талаарх мэдээллийг бүгдээрээ харсан байх.  Цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг нь Хөдөлмөрийн намын Боловсрол, Шинжлэх Ухааны хэлтсийн дарга нь амжилттай удирдаж ялалтад хүрсэн талаар Солонгос судлалын шинжээчид тэмдэглэсэн байна. Иргэд хоорондын ямар нэгэн харилцаа холбоо байхгүй энэ нөхцөлд БНСУ дахь “Хойд Солонгосын дүрвэгчид” зэрэг байгууллагаас зохион байгуулдаг агаарын бөмбөлгөөр илгээдэг эд зүйлсээс анх коронавирус халдварласан гэж үзэж буруутгасан байна. 

Цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг нь Хөдөлмөрийн намын Боловсрол, Шинжлэх Ухааны хэлтсийн дарга

-Цаашид байдал хэрхэн өөрчлөгдөх бол?

-Бид нийгмийн салбарын судлаачид учраас хөндлөнгөөс шууд дүгнэлт өгөх чадахгүй л дээ. Ямар боловч нэг удаагийн тархалтыг тэд амжилттай таслан зогсоосноо зарласан. Харин цаашид энэ мэтчилэн үргэлжлээд байвал урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан байдал зэрэг анагаахын чиглэлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл бага учраас өөр арга хэмжээ авах болов уу даа. Энэ чигээрээ хилээ хаалттай байлгаад байхгүй, ядаж дипломат албаны ажилтнуудаа сэлгээ хийх талаар мэдээ гарч байгаа учраас даван туулах найдвар байгаа гэж ойлгогдож байна. 

Ярилцсан Э.Буянбилэг


Холбоотой мэдээ