Үндсэн хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын баг байгууулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-08-29 17:46:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Тус байнгын хорооны тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 1, 2 дугаар тогтоолтой холбогдуулан гаргах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн С.Одонтуяагаар ахлуулан, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Ш.Раднаасэд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. Тус ажлын баг энэ сарын 26, 29-нд хуралдаж “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Ажлын баг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.


Тогтоолын төслийг Ажлын багийн ахлагч С.Одонтуяа танилцуулав. Төсөлд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх УИХ-ын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, УИХ-ын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулж, энэ оны 11 дүгээр сарын 20-ны дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил, Т.Доржханд, Н.Энхболд, Ш.Адьшаа нар үг хэлсэн бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 20-ны дотор хэмээн заасан хугацааг  дахин бодолцож, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.


УИХ-ын гишүүн Н.Энхболд дээрх хугацааг 12 сарын 31-ний дотор гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Дараа нь “Ажлын баг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын багийн бүрэлдэхүүнийг батлахаар тогтоолын төсөлд тусгасан байна. Мөн Шинжлэх Ухааны Академи, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачдыг үйл ажиллагаанд татан оролцуулж, гэрээний үндсэн дээр судалгаа, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг болон улс төрийн намууд, иргэний нийгмийн төлөөллийг хамруулсан ажлын багийг тус тус байгуулж ажиллахыг Ажлын багийн ахлагчид зөвшөөрөх, ажлын багийн үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, Ажлын багийг өргөн бүрэлдэхүүнтэй байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолыг хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн үзлээ.

Холбоотой мэдээ