ДОРНОГОВЬ: Турк Улсын Сакаряа хоттой ах дүүсийн харилцаа тогтоох хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-08-30 14:10:12

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзоригийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Сакаряа хотын дарга ноён Екрем Юже албаны хүмүүсийн хамт Дорноговь аймагт зочиллоо.

Албаны зочдыг аймгийн Засаг дарга О.Батжаргал хүлээн авч уулзаж, аймаг орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч аймаг, хот хооронд хамтын ажиллагаа тогтоох талаар ярилцлаа.  

Талууд Дорноговь аймаг Сакаряа хоттой ах дүүсийн харилцаа тогтоох хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гэрээний хүрээнд мэдээлэл туршлага солилцох, эдийн засгийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, спорт, аялал жуучлал, түүх соёлын өв, байгаль орчныг хамгаалах, эрчим хүч, соёл урлаг, техник технологи, тээвэр харилцааны салбаруудад хамтарч ажиллахаар боллоо.

Монгол, Турк хоёр орны найрамдалт харилцааны илэрхийлэл болсон ах дүүсийн харилцаа тогтоож буй энэхүү айлчлалын хүрээнд Турк Улсын Сакаряа хотын даргад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганзориг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ногоон байгууламж байгуулах чиглэлээр мод үржүүлгийн мэргэжилтэн сургах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, нарийн мэргэжлийн ажилтнуудыг чадавхжуулах солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжсэн спортыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн байна.

Турк Улсын Сакаряа хот Хар тэнгисийн эрэгт байрладаг бөгөөд 16 дүүрэгтэй, 1,6 сая хүн амтай том хот юм. Тус хот нь Турк Улсад бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтээрээ тэргүүлэгч хотын нэг бөгөөд дотоодын болон олон улсын тээвэрт төмөр замын бүтээн байгуулалт нь чухал үүрэг гүйцэтгэдэг аж.


Холбоотой мэдээ