ЗАВХАН: Цоохор ирвэс хамгаалах ажилд тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-08-25 12:13:47

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт монгол банхрыг цоохор ирвэс хамгаалахад ашиглаж болох талаарх судалгааг хийнэ.

Хоточ банхар нохойг мал хариулгад сурган ашиглах уламжлалт хэрэглээг сэргээн хэвшүүлснээр цоохор ирвэс мал руу халдаж довтлох. Мал идэж, шархтуулж, хороосны улмаас малчид цоохор ирвэс зэрэг ховор амьтдыг хөнөөх зэрэг зөрчлийг бууруулах, зогсоох боломжтой гэж мэргэжилтнүүд үзсэн.

Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь төслөөс амжилттай хэрэгжүүлж байгаа сайн туршлага ч бий. Цоохор ирвэсийг хамгаалах, түүний идэш тэжээл болох уулын туруутан амьтдын ус, бэлчээр хомсдохоос сэргийлэх. Эдгээр амьтдын зүй бус хорогдлыг бууруулах, мал хариулгыг сайжруулах. Хоточ банхар нохойг мал хариулгад ашиглах уламжлалыг хэвшүүлэх зорилтот төслийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй юм. Энэ зорилтот төслийг Баянхонгор аймгийн Баянцагаан, Шинэжинст, Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ сумдаас малчин айл өрхийг сонгон хамтран хэрэгжүүлсэн байна. Сонгогдсон малчин айлд хоточ банхар нохдыг хүлээлгэн өгч мал хариулах аргад сургаж дадлагажуулсан. Банхар нохой, мөн тодорхой тооны хонь ямаанд хүзүүвч зүүж  мониторинг судалгааг хийж байна. Үүний зэрэгцээ эдгээр аймаг сумдын нутагт дөрвөн цоохор ирвэс, дөрвөн янгир ямаа барьж сансрын дохиололтой хүзүүвч зүүж нүүдэл, гүйдэл, байршлыг дөрвөөс зургаан цаг тутамд тодорхойлон судалгааг хийжээ. Цоохор ирвэс, янгир ямаа, малын байршил, бэлчээрийн давхцалыг зураглаж ус, бэлчээрийн өрсөлдөөн, бие биедээ нөлөөлөх эерэг, сөрөг нөлөөллийг судалгааны дүнд тодорхойлж буй юм. Тиймээс энэхүү төслийг аймагтаа хэрэгжүүлэх судалгааг бид хийж байна гэж Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь төслийн Завхан аймаг дахь зохицуулагч дуулгав.

 

Завханы гурван сумын нутагт ирвэс суурьшсан судалгаа бий

Завхан аймагт анх 2015 оноос Монголын ирвэс хамгаалах сан, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, аймгийн БОАЖГ, хамтран цоохор ирвэсийн тархац нутагт судалгаа хийж байсан. Тухайлбал Эрдэнэхайрхан, Алдархаан, Отгон, Шилүүстэй, Идэр зэрэг суманд тандалт судалгааны ажлыг хийж автомат камеруудыг суурилуулжээ.  Өдгөө ирвэсийг хамгаалах, судалгааны ажлууд хийгдэж байгаа. Мөн иргэдийг мэдээлэлжүүлэх ажлууд ч хийгдэж буй юм. Малчид, орон нутгийн иргэд ирвэсийн тоо толгой ихсээд байна гэж ярьдаг. Мөн цоохор ирвэсийн экологийн урт хугацааны цогц судалгааны хөтөлбөрийн хүрээнд малчид малаа ирвэс болон чононд бариулсан тохиолдол хэд хэд бүртгэгджээ. Тэгвэл ирвэсийг яагаад хамгаалах ёстой вэ? Цоохор ирвэс нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж байдаг амьтан бөгөөд, ирвэстэй нутагт аргаль янгир элбэг ба туурайтан амьтан элбэг нутагт газрын гарц бэлчээр ус сайтай байдаг учир эрүүл онгон дагшин нутгийг илтгэж байдаг амьтан юм. Үүгээрээ бид зөвхөн ирвэс бус уулсын экосистемийг бүхэлд нь хамгаалах зорилготой юм. Сүүлийн үед хөдөө орон нутгуудаар ирвэс ихдээд байна гэж ярьж буй. Ирвэсийн тоо ихэдсэндээ биш малын тоо ихсэх, уул уурхай гэх мэт зүйлээс шалтгаалж зэрлэг амьтны амьдрах газар нутаг хумигдан улмаар хүн малд байнга үзэгдэх болсон нь нутгийн ард иргэдэд тоо толгой нь өссөн мэт санагдаж байгаа юм гэж Ирвэс хамгаалах сангийн мэргэжилтнүүд ярьж байна. Тэгэхлээр ирвэсийг хамгаалахад хоточ нохой ашиглаж буй төслийг орон нутагт хэрэгжүүлж болох эсэх талаарх судалгааг бид хийж буй юм гэв.

Холбоотой мэдээ