Б.Батцэцэг: Монголын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Японы Засгийн газар, ард түмэнд гүн талархал илэрхийлье

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-23 21:26:23
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр болсон Монгол, Японы найрамдлын нийгэмлэгүүдийн “Их хуралдай”-г нээж үг хэлсэн юм.


Тэрбээр "Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан Монгол, Японы найрамдлын нийгэмлэгүүдээс санаачлан зохион байгуулсан “Их хуралдай” симпозиумд хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлж, ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!


Одоогоос 50 жилийн тэртээ 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоох тухай ноот бичиг солилцсоноор манай хоёр улсын албан ёсны харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй.


Тэр цагаас хойш 50 жилийн хугацаанд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа амжилттай урагшлан хөгжиж, өнөөдөр Япон Улс манай гуравдагч чухал хөрш, бүс нутаг дахь Стратегийн найдвартай түнш болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр улс өнөөдөр хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд ч нягт хамтран ажиллаж байна.


1990-ээд оны эхээр Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгосноор бид нэгдмэл үнэт зүйлстэй болж, хоёр улсын төр засаг, найрамдал, олон нийтийн байгууллагууд, ард иргэдийн солилцоо, хамтын ажиллагаа жил ирэх тутам идэвхжин хөгжсөөр ирсэн. Япон Улсын Засгийн газар, ард түмэн монгол орны ардчилсан хөгжлийг эхнээс нь тууштай дэмжиж, нийгэм, эдийн засгийн бүхий л талбарт япон хүний халуун сэтгэл шингэсэн дэмжлэг туслалцаа хүрч, тэр хэрээр манай хоёр ард түмний найрамдал, харилцан хүндэтгэл, ойлголцол гүнзгийрч ирсэн билээ.


Энэ ялдамд, монгол орны өнөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Японы Засгийн газар, ард түмэнд гүн хүндэтгэл, талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Мөн Монгол Улсын ардчилсан шинэчлэлийг тууштай дэмжихийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалж, хошуучлан манлайлахын сацуу Монгол Улсад хөгжингүй улс орнуудын удирдагчдаас хамгийн анх хөл тавьж айлчилсан Японы Ерөнхий сайд Кайфү Тошики агсныг энэ мөчид дурсан хүндэтгэж байна. Монгол, Японы харилцааны тулгын чулууг тавилцсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, ахмад дипломатчид, ардын дипломатууд, Монгол, Японы найрамдлын нийгэмлэгүүдийн хүндэт төлөөлөгчид болон өнөөгийн Монгол, Японы харилцааг бүтээлцсэн хүн бүрт гүн талархал илэрхийлье.


Монгол, Японы харилцаа 1997 оноос иж бүрэн түншлэлийн түвшинд, 2010 оноос стратегийн түншлэлийн түвшинд улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, боловсрол, биеийн тамир, хүмүүнлэгийн зэрэг бүх салбарт цар хүрээгээ тэлж, амжилттай урагшлан хөгжиж байна. Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны гэрээ болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2016 онд байгуулсан, одоо хэрэгжиж байна.


Өнгөрсөн 5 дугаар сард бид 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсад албан ёсоор амжилттай айлчилж, хоёр улсын харилцааг ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, Монгол, Японы стратегийн түншлэлийн ирээдүйн чиглэлийг тодорхойлоход цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцсон билээ.  


Монгол, Японы найрамдлын хөдөлгөөн хоёр орны хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоохоос өмнө 1950-иад оны сүүлчээр үүсч хөгжсөн бөгөөд энэ хугацаанд монгол, японы олон нийт бие биенээ таньж мэдэх, харилцан ойлгох, хамтран ажиллахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг тэмдэглэхэд таатай байна.


Ингээд найрамдлын хөдөлгөөнд идэвхтэй оролцож, түүхийг бүтээлцэж ирсэн монгол, японы анд нөхөд та бүхэндээ дахин чин сэтгэлийн талархал дэвшүүлье!


Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа цаашид манай хоёр улсын хөгжил дэвшил төдийгүй бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа ирэх 50 жилдээ улам бататгаж, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!


Өнөөдрийн хуралдайгаас Монгол, Японы найрамдлын хөдөлгөөнийг идэвхжүүлэх талаар үр бүтээлтэй олон санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ.


Холбоотой мэдээ