"Хүүхдийн замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, хандлагыг сайжруулах багш бэлтгэх” сургалт зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-07-05 17:07:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн яам, Тээврийн цагдаагийн алба, ДЭМБ хамтран 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн сургуулийн 100 гаруй багшийг хамруулан “Сургуулийн насны хүүхдийн замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, хандлагыг сайжруулах сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулжээ.


Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаар хүүхэд холбогдсон 3709 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 263 хүүхэд нас барж, 3879 хүүхэд гэмтэж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан харамсалтай тоо мэдээ бий. Мөн жил бүрийн судалгаанаас харахад зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо цөөрсөн ч хүүхдийн нас баралт буурахгүй байгаа тул хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг ийнхүү хэрэгжүүлж эхэлжээ.


Ингэхдээ сургуулийн насны хүүхдийн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, хандлагыг сайжруулах, олон улсын туршлага нэвтрүүлэх, чадавхжуулах сургалт зохион байгуулах, гарын авлага, мэдээллээр хангах, сургагч багш нарыг бэлтгэх зорилгоор зургадугаар сарын 28,29-нд тус сургалтыг зохион байгуулсан байна.


Сургалтад ЗХАБҮЗАА-ны ахлах мэргэжилтэн А.Энхболд, ДХИС-ийн ЗХАБ-ын тэнхимийн эрхлэгч цагдаагийн хурандаа Р.Мөнхбаяр, ШУТИС-ийн МТС-ийн багш, доктор А.Эрдэнэтуяа, ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат, ШУТИС МТС-ийн дэд захирал, доктор И.Базаррагчаа нар хүрэлцэн ирж, дараах сэдвийн хүрээнд сургалтыг явуулж байна. Үүнд:


-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай ойлголт

-Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдал

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм

-Бага насны хүүхдийн замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, түүнээс сэргийлэх нь

-Зургаа хүртэл насны хүүхдэд замын хөдөлгөөний тухай ойлголт өгөх арга зүй

-Зургаагаас 15 насны хүүхдэд замын хөдөлгөөний тухай ойлголт өгөх арга зүй

-Замын хөдөлгөөний дүрмийн “Явган зорчигчийн үүрэг” эрх зүйн болон техникийн учир холбогдол

Холбоотой мэдээ