ШИЙДВЭР: Монголын хөрөнгийн биржийг энэ онд олон нийтэд нээлттэй болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-29 13:01:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2022-2023 он төрийн өмчит 25 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй болгохоор шийдвэрлэж, жагсаалт баталжээ.


Тодруулбал, “Хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Үндэсний давхар даатгал”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” болон төрийн өмчит 20 АЗЗА-ын компанийн 34 хувийг олон нийтийн хяналтад оруулах аж.


Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Төрийн бүтээмжийн бодлого чухал үүрэг хүлээж байгаа. Энэ хүрээнд төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн засаглалыг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох, компанийн бүтэц бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг болгох асуудал чухлаар тавигдаж буй юм. Тиймээс 2022-2023 онд Монгол Улсын Хөрөнгийн биржээр дамжуулан 25 компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгохоор Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн гэдгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэвлэлийн хурал хийж танилцуулсан юм.


Тэрбээр, “Нэн тэргүүнд энэ оны дөрөвдүгээр улиралд Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг нээлттэй болгоно. Мөн 2023 оны нэгдүгээр улиралд “Монголын цахилгаан холбоо”, “Үндэсний давхар даатгал” компанийн 34 хувийг нээлттэй болгоно. Үлдсэн компаниудын асуудлыг ирэх оны дөрөвдүгээр улиралд багтаан шийднэ” гэв.


Засгийн газраас улсын зарим аж ахуйн тооцоот үйлдвэр, компаниудыг нэгтгэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Тухайлбал, “Монгол Ус” ААТҮГ-ийг татан буулгах шийдвэрийг өнөөдөр шийдвэрлэсэн байна. Монгол Улсад Усны агентлаг ажиллаж эхэлсэн тул чиг үүргийн давхардал үүсгэхгүй байх үүднээс татан буулгаж байгаа аж. Мөн “Цагаан шонхор” үйлдвэрийн газрыг “Бөртэ” үйлдвэрийн газартай нэгтгэх болсон байна.


Түүнчлэн “Буянт-Ухаа” спорт ордонд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар засварлаж байгаа. Энэ ажлыг дуусмагц “Буянт-Ухаа” спорт ордон ААТҮГ-ыг Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв ААТҮГ-тай нэгтгэх шийдвэр гарчээ.


Засгийн газраас хэд хэдэн байгууллагын үйл ажиллагааг өөрчлөн байгуулах, татан буулгах, нэгтгэх асуудлыг яаралтай судлах чиглэл өгсөн байна. Тухайлбал, “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв”, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-тэй нэгтгэн, төрийн өмчит ХХК болгох, “Геологийн судалгааны төв”-ийг “Үндэсний геологийн алба”-тай нэгтгэх асуудлыг судлах юм. Мөн “Радио, телевизийн үндэсний сүлжээ”, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв”, “Аялал жуулчлалын хөгжлийн төв”, “Монгол Кувейтын байгаль хамгаалах төв”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ХХК-ийн бүтцийг шинэчлэх саналыг Засгийн газарт танилцуулах чиглэл өгсөн байна.


Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

· Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв” болон “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт”-ийг нэгтгэн, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт” болгон өөрчлөн зохион байгууллаа.

· Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны ажиллах журмыг баталлаа.

· Үндэсний их баяр наадмын тухай хуулийг үндэслэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрэм болон  Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сур, шагайн харвааны дүрмийг тус тус баталлаа.

Холбоотой мэдээ