СЭЛЭНГЭ:Хувьсгалын өлгий нутгаас монгол наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-24 18:47:35

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг сумаас улсын их баяр наадам эхэлдэг уламжлалтай. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хоёр жил өнжсөн монгол наадам энэ жил уламжлал ёсоороо хувьсгалын өлгий нутгаас эхэллээ.

Ардын хувьсгалын 101 жилийн ой, Хувьсгалчдын баяр наадам өнөөдөр өглөө 7.00 цагт азарганы уралдаанаар эхэлсэн байна. Нийт 18 азарга уралдсанаас түрүү магнайд Алтанбулаг сумын харъяат, аймгийн алдарт уяач М.Зоригтбаатарын хүрэн халзан, аман хүзүүд Алтанбулаг сумын Ц.Жамбалын жонон хонгор хурдалж, Зүүнбүрэн сумын Д.Уламбаярын хонгор халзан, Шаамар сумын н.Хоролсүрэнгийн хүрэн, Алтанбулаг сумын Л.Мягмаржавын хүрэн азарга тус тус удаалж, унасан хүүхэд, уясан эзэн наадамчин олноо цэнгүүллээ.

Мөн наадмын хурдан морины хязаалан насны морьдын уралдаанд 40 морьд хурдалсан байна. Хязаалан морьдын түрүү магнайд Ерөө сумын алдарт уяач У.Нямсайханы хар халзан хурдалж, аман хүзүүд Алтанбулаг сумын А.Сумъяасүрэнгийн хүрэн халзан хурдалжээ. Наадмын хурдан морины соёолон насны морьдын уралдаанд 34 морьд хурдалснаас түрүү магнайд Зүүнбүрэн сумын харъяат аймгийн алдарт уяач Д.Уламбаярын хээр хурдалж, аман хүзүүд Сүхбаатар сумын С.Сүхбатын халиун хонгор давхисан байна. 

Холбоотой мэдээ