ДАРХАН-УУЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Домогт Шарын гол” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-06-24 16:16:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах “Домогт Шарын гол” ХХК-ийн “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газарт ажиллав.

Тус мод үржүүлгийн газрыг анх 1996 онд “Домогт” ББНөхөрлөл хэлбэрээр үүсгэн байгуулсан аж. Тухайн цаг үеэс хойш өнөөдрийг хүртэл ойжуулалт, ойг нөхөн сэргээх, мод боловсруулах цех ашиглалтад оруулах, ойн генийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж иржээ.  Сүүлийн жилүүдэд тус мод үржүүлгийн газар нь “Улаан ном”-д орсон, нэн ховордож буй жодоо модыг үрслүүлж байна. Монгол орны ойн сангийн нэг хувийг эзэлдэг уг модыг үржүүлж байгаад талархалтай хандаж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ажиллах үеэр “Домогт шарын гол” ХХК-ийн захирал З.Оюунтуяа түүнд маш чухал ач холбогдолтой ажил санаачилсанд талархаж буйг хэлж, “Та санаачилсан-Бид хэрэгжүүлэхэд бэлэн” гэдгээ илэрхийллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр Байгаль орчны салбарт олон эерэг өөрчлөлтүүд бий болж эхэлжээ. Тухайлбал тус салбарын мэргэжилтэн, боловсон хүчнүүд мэдлэг чадвараа үнэлүүлэх боломжтой болж, ажлын байр нэмэгдсэн аж. Мөн олон нийтийн дунд мод тарих хүсэлтэй, мэдлэгтэй иргэд нэмэгджээ. Цаашид хууль, эрхзүйн орчинд өөрчлөх зүйл бий гэдгийг Аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл хэлж байлаа. Үүний нэг нь моджуулах ажлыг хувь хүн, нөхөрлөл хийх боломжийг эрхзүйн орчинд тусгаж төгөлдөржүүлэх хэрэгтэйг ойн мэргэжилтнүүд онцолж байлаа.

Ташрамд Жодоо нь Монгол орны "Улаан ном"-д 2013 онд орсон бөгөөд, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, тайгын ойн индикатор болсон нэн ховор мод юм. Жодоо мод нь уур амьсгалыг зөөлрүүлэх, хөрсийг ус, салхины болон бусад элэгдэл, эвдрэлээс хамгаалах, гол мөрний усны нөөцийг зохицуулах, цэвдгийг барих, хүлэмжийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулах зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.

Холбоотой мэдээ