“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” байгуулснаар 8700 ажлын байр бий болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-23 14:38:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ хамтран “Арьс ширний салбарт ажлын байр нэмэгдүүлэх түлхүүр бодлого” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Уулзалт, хэлэлцүүлгээр Монгол Улсад эко аж үйлдвэрийн парк байгуулах замаар ажлын байрыг нэмэхэд талуудын хамтын ажиллагааг уялдуулах, арьс ширний салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьжээ.


Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Дэлхийн банк, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, арьс ширний салбарын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож, салбарт хийж, хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. Тухайн салбарт хийж байгаа ажил нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, байгальд ээлтэй үйлдвэрүүдийн нэгдэл бий болгох аж үйлдвэрийн шинэ парк байгуулах төсөл юм. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” байгуулснаар 8700 гаруй тогтвортой ажлын байр бий болно гэсэн судалгаа бий.


Одоогоор манай улсад арьс ширний 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 90 хувь нь нийслэлд байна. Иймд аж үйлдвэрийг нүүлгэж, дэлхий жишигт нийцсэн хөдөө аж ахуйн эко парк байгуулснаар ажлын байр нэмэх, эдийн засгийн өрсөлдөх чадвар сайжрах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ач холбогдолтой. Түүнчлэн тухайн бүсэд хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа өргөжин, хөгжихийг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ.

Холбоотой мэдээ