“Сумын хөгжил:Инженерийн дэд бүтцийн хангамж” төслийн барилгын ажлыг эхлүүллээ

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-05-31 16:41:04

Төв/МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар Эрдэнэ, Сэргэлэн суманд ажиллаж “Сумын хөгжил:Инженерийн дэд бүтцийн хангамж” төслийн барилгын ажлыг эхлүүллээ.

Төв аймгийн хэмжээнд эхний ээлжинд Баянчандмань, Борнуур, Дэлгэрхаан, Сэргэлэн, Эрдэнэ зэрэг 5 суманд "Сумын хөгжил: инженерийн дэд бүтцийн хангамж" төсөл хэрэгжихээр шаардагдах санхүүжилт 2022 онд улсын төсөвт тусгагдсан. Мөн 6 суманд хийхээр зураг төсвийн ажил хийж байна.

Энэхүү төслийн хүрээнд гүний 2 худаг, 3637,1м гадна цэвэр усны шугам, 1920м дулааны шугам, 6020м гадна бохир усны шугам, 2х25м3 цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийнэ. Уг томоохон бүтээн байгуулалтын үр дүнд иргэд сум, орон нутагтаа ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэх юм.

Мөн Сэргэлэн суманд ажиллах үеэр шинээр барьж байгаа соёл, спортын төвийн барилгын ажилтай танилцлаа. Цар тахлаас үүдэлтэй хил гаалийн асуудал, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой ажил удааширсан бөгөөд одоогоор 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна.

“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төслийг  Засгийн газрын  2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байжээ. Энэхүү төсөл, арга хэмжээ нь үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох ялангуяа инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг шинэчлэх, шинээр барих, сумын иргэдэд нийтийн аж ахуйн үйлчилгээг иж бүрнээр хүргэх, тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн шаардлагыг хангах, төвлөрлийг сааруулах зорилготой төсөл бөгөөд Монгол Улсын 19 аймгийн 59 сумын төвд хэрэгжихээр төлөвлөсөн байна.

 

Холбоотой мэдээ