Элчин сайд Ш.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг тус улсын Дэд ерөнхийлөгч Антониу Aмилтон Мартинш Мураод энэ сарын 30-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
ХБНБУ-ын Ерөнхийлөгч Жаир Болсонару тус улсын Ресиф мужид байгалийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан газар дээр нь ажиллах болсны улмаас ийнхүү тус улсын Дэд ерөнхийлөгч 9 орны Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсан юм.
Ёслолын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Дэд ерөнхийлөгч Aмилтон Мураод уламжлахын зэрэгцээ Монгол, Бразилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв. Дэд ерөнхийлөгч Aмилтон Мурао Элчин сайд Ш.Батцэцэгт ажлын амжилт хүслээ.