Тогтвортой хөгжил дэх хувийн хэвшлийн оролцоог НҮБ-ын стратегийн түншлэлээр дамжуулан хангаж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-27 18:24:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хувийн хэвшлийн байгууллагууд НҮБ-ын үйл ажиллагааг зөвхөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, НҮБ-ын төслүүдийг санхүүжүүлэх хэмээн хардаг. Тэгвэл энэ ойлголтын зөрүүг хувийн хэвшил нь өөрсдийн бизнесийн загварууд, техникийн болон бусад хэрэгцээт туршлагыг тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан НҮБ-ын зорилтот үйл ажиллагаанд оролцох боломжтой гэдгээр арилгаж болно. Энэ талаар өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд болсон Монголын Бизнесийн зөвлөлийн хурлаар хөндөв.

Монголын Бизнесийн зөвлөл бүх гишүүдийн ээлжит хурлаа “Монгол Улсын Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн үүрэг, оролцоо” сэдвээр НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, харьяа байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Хурлаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор:

  • НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (UNSDCF),
  • Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоо (INFF),
  • Нөөцийг дайчлах, түншлэлийн стратеги (RMPS) зэрэг стратегийн олон талт түншлэлийн хүрээнд мэдлэг, туршлага, технологи, санхүүгийн нөөцийг дайчлан Тогтвортой хөгжлийн төлөөх хувийн хэвшлийн түншлэл, оролцоог нэмэгдүүлж болно гэдгийг хэлэлцлээ

Тодруулбал, Монгол Улсын Тогтвортой хөгжилд хувийн хэвшлийн үүрэг, оролцоог НҮБ-ын стратегийн түншлэлээр дамжуулан хангах талаар хэлэлцлээ. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 2027 он гэхэд хүрсэн байх стратегийн зорилт нь Монгол Улсын эдийн засгийг илүү төрөлжсөн, шинэлэг, үр бүтээмжтэй, хүртээмжтэй болгох явдал юм. Энэ үүднээс эдийн засгийг “Ногоон” болгож, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангасан, ялангуяа залуус, эмэгтэйчүүдийн зохистой амьжиргааг тэтгэх, ХХI зууны эрэлт хэрэгцээтэй ур чадварыг хөгжүүлэх, нүүрсхүчлийн хий бага ялгаруулах хөгжлийг дэмжих явдал гэдгийг хэлэлцэв.




Уулзалт хоёр салбар хуралдаантай боллоо. Эхний хуралдааныг Хүний хөгжил, сайн сайхан байдал сэдвийн хүрээнд зохион байгуулсан бол хоёр дахь хэлэлцүүлэг нь дээр дурдсан “Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт сэдвээр боллоо. Хэлэлцүүлэгт НҮБ болон түүний харьяа байгууллагууд түүнчлэн хувийн хэвшлийн төлөөлөл дээр дурдсан зорилтыг хэрхэн хангаж ажиллаж буйг хөндөв. Мөн заасан чиглэлээр олон улсад, бүсийн хэмжээнд болон Монгол Улсад хувийн хэвшилтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар туршлага хуваалцав. Түүнчлэн, НҮБ-тай хамтран ажилласнаар хувийн хэвшилд санхүүжилтийн ямар боломжууд гарч ирэх, ялангуяа Ногоон хөгжлийн сан”-тай хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа


Холбоотой мэдээ