Хүүхдүүд амралт, зугаалгад явахдаа гэмт хэрэгт холбогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-25 16:01:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар, Прокурорын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийн гэмт хэрэг, зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийлээ.

"Тус аймгийн хэмжээнд насанд хүрээгүй хүүхдүүдийн үйлдсэн гэмт хэргийн дийлэнх хувийг бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрх бүхий байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Хүүхдийн гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан бол гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээний архидалт байгаа.

Мөн харилцааны доголдлын улмаас хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байна. Тийм учраас хамгийн түрүүнд эцэг эхийн хараа хяналтыг чангатгах шаардлагатай байна. Учир нь урин дулааны цаг эхэлсэнтэй холбоотой хүүхдүүд амралт зугаалгад явах, "Төгсөлтийн баяр" зэрэг нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцож байгаа. Хоёрдугаарт, хүүхдүүдийн цахим хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй байна. Хүүхдүүд олон нийтийн сүлжээгээр олон хүнтэй харилцаа үүсгэж байгаа. Түүнээс гадна эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил олноор бүртгэгдэж байна. Тээврийн хэрэгслээ хүүхдүүдэд битгий шилжүүлээч хэмээн эцэг эхчүүдэд хандаж хэлмээр байна" гэж аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахмад К.Ёлка хэллээ.

Аймгийн Прокурорын газраас тус аймаг дахь насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдсон болон гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдлуудад 2021 оны жилийн эцэс,  2022 оны нэгдүгээр улирлын байдлаар судалгаа хийжээ. Бүртгэгдсэн нийт 777 гомдол мэдээллийн 66 буюу 8,5 хувь нь хүүхэд холбогдсон гэмт хэрэг, зөрчил байсан нь судалгаагаар тогтоогдсон байна. Үүнээс 51 нь хүүхэд холбогдсон, 14 нь хүүхэд хохирсон тохиолдол байжээ.

"Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдсон шалтгааныг тусгайлан судалж, зохих арга хэмжээнүүдийг авч байгаа. Гэр бүлийн орчин, эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдүүд чөлөөт цагийнхаа дийлэнх хэсгийг цахим орчинд өнгөрүүлж байгаа зэрэг нь гэмт хэргийн шалтгаан нөхцөл болж байна хэмээн дүгнэсэн. Хүүхэд холбогдсон нийт гэмт хэргийн 60 орчим хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалтай холбоотой хэрэг, зөрчлийн хохирогч болох, холбогдох тохиолдол байдаг. Үлдсэн хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байгаа. Зарим тохиолдлоос дурдахад, дийлэнхдээ хүүхдүүд амралт, зугаалгад анги, хамт олноороо гарах, чөлөөт цагаа өнгөрөөх явцдаа гэмт хэрэгт холбогдож байна. Тийм учраас эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгч нар хүүхдүүдтэй дотно байж, гэмт хэрэг, зөрчил гэж юу болох, түүнд холбогдсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байна" гэдгийг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен онцоллоо.

Хэдхэн долоо хоногийн дараа хичээл тарж, сурагчдын зуны амралт эхэлнэ. Амралтын хугацаанд хүүхдүүд өрхийн аж ахуйд туслах, амралт зугаалгаар явах, элсэлтийн ерөнхий шалгалт гэх мэт олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцдог. Өрхийн аж ахуйд туслах, мал хариулах, хурдан морь унах явцад хүүхдүүдэд эрсдэл учрах тохиолдол жил бүр бүртгэгдэж байна. Мөн голд орж осолдох асуудал байгаа. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын улсын байцаагч Б.Ерген уриаллаа.  

Холбоотой мэдээ