Сэлэнгэ аймаг “Нийлүүлэгч аймаг” болоход мод үржүүлэгч мэргэжлийн байгууллагууд түүчээлнэ
ТЭРБУМ МОД
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймаг
“Нийлүүлэгч аймаг” болох зорилтыг биелүүлэхэд Ерөө сумын Бугант тосгонд үйл
ажиллагаагаа явуулдаг мод үржүүлэгч мэргэжлийн байгууллагууд түүчээлэн оролцоно.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаагаа явуулдаг “Бугант групп“ 2001 оноос группын зохион байгуулалтанд орж ажиллажээ. Тус группт “Сэлэнгэ Бугант” ХХК, “Буян Од” ХХК, “Бугант гол” ХХК, “Сосна” ХХК зэрэг дөрвөн аж ахуйн нэгж багтдаг. Эдгээр компаниуд нэгдэн ажиллахдаа ойгоос мод бэлтгэж, тээвэрлэх, зүсмэлийн болон савхны, хаалга, цонхны , “Зиг Заг” зүймэл хавтангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний зэрэгцээ ойг хамгаалах, нөхөн сэргээх ойжуулалтын ажилд тогтмол оролцож, хариуцлагаа ухамсарласан хамт олон байдаг аж. “Бугант” группыг энэ жилээс эхэлж Монгол Улсын Гавьяат ойжуулагч, “Бугант Номин” ХХК-ийн захирал О.Алтанцэцэг ерөнхий удирдлагаар хангаж, зөвлөх инженерийн үүргийг гүйцэтгэн хариуцаж ажиллахаар болжээ. 2.8 га талбай бүхий газарт хамтарч үйл ажиллагаа явуулдаг тус аж ахуйн нэгжүүдийн тарьц, суулгацын ажил ид өрнөж байна. Эднийх энэ жилийн тарьц суулгацаа 2023 оноос зах зээлд нийлүүлэх, улмаар жилээс жилд тариалалтын талбайгаа нэмэгдүүлэх гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэв. Аймгийн Засаг дарга Бугант тосгонд ажиллахдаа “Бугант групп”-ын “Боргоцой хатаалгын цех”-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энд шийдсэн нэг чухал асуудал нь 1980-аад оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа доголдуулалгүй ажиллуулж ирсэн “Боргоцой Хатаалгын цех”-ийг шинэчилж сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр боллоо. Боргойцой цехийн үйл ажиллагаа сайжирснаар Сэлэнгэ аймагт ургадаг таван төрлийн шилмүүст модны үрийг гарган авч, дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн боломжтой болох аж.
