Э.Баттүшиг: Олон улсын багш, дасгалжуулагчид Эрхэмээгийн барилдаан, техник ур чадварыг их үнэлж байсан

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-05-24 13:08:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дифлимпийн анхны аварга Н.Эрхэмбаярын дасгалжуулагч багш Э.Баттүшигтэй цөөн хором ярилцлаа.


-     -Тэмцээндээ амжилттай оролцож ирсэн та бүхэнд баяр хүргэе?

-Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпын наадам Бразил Улсын Кашиас-ду-Сул хотод амжилттай боллоо. Энэ удаагийн олимп оролцоо өргөн, өрсөлдөөн их байлаа. Олимпод 73 орны тамирчин спортын 20 төрлөөр өрсөлдсөн. Чөлөөт бөхийн 65 кг-ын жинд Н.Эрхэмбаяр маань урамтай сайхан барилдан, аваргын алтан медалийг авч, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүллээ. Диф олимпын анхны аварга болсонд баяртай байна. Орчин цагт бөхийн спортын өнгийг тодорхойлж байгаа, бөхийн спорт өндөр хөгжсөн бүх л орны тамирчид оролцсон учраас их өрсөлдөөнтэй байсан. 

-   -Н.Эрхэмбаяр аваргыг Олон улсын шүүгчид, тамирчид хэрхэн үнэлж байна вэ? Ер нь аваргын маань онцлог зан чанар, барилдааны арга барилаас тодорхойлж яривал?

-   -Манай Эрхэмээ бэлтгэлээ байнга хийдэг, нэг цагийн ч бэлтгэл тасалж байгаагүй, сахилга бат сайтай, өөрийгөө байнга хөгжүүлдэг тамирчин. Диф болон энгийн тамирчдын дунд зохиодог бүх л тэмцээнд идэвхтэй оролцдог хүүхэд. Бэлтгэл, сургуулиа тогтмол хийх нь амжилтын үндэс юм. Бусад орны тамирчид болоод мэргэжлийн багш, дасгалжуулагчдын зүгээс манай Эрхэмээгийн барилдаан, техник ур чадварыг их үнэлж байсан. Хамт зургаа авахуулах жишээний...

     Барилдааны хувьд их уян хатан, сэтгэлзүй өндөртэй хүүхэд. Ямар ч том тамирчин тэмцээнд орохдоо сэтгэлзүй тогтворгүй болох, өрсөлдөгчөөсөө айж бэргэх эсвэл өөртөө хэт их бардах, онгирох зэрэг спортын араншин байдаг л даа. Эрхэмээд бол тийм илүү, дутуу зан байдаггүй. 10 настайгаас нь эхлээд л хамт бэлтгэл хийж, тэмцээнд оролцсон болохоор хоёр биенээ сайн ойлгодог. Ангийн багш Х.Пүрэвсүрэн байнга тусалж дэмжиж байдаг болохоор ямар нэг хүндрэлтэй асуудал гардаггүй.

-    -Та хоёрын цаашдын зорилго?

-  -Тун удахгүй диф спортын Азийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. 2025 онд Япон улсад спортын 25 дугаар их наадам болно. Эрхэмээгээ энэ бүгдэд оролцож, амжилтаа бататган хошой аварга болно гэдэгт итгэж байгаа. Бэлтгэл сургуулийн хувьд аймгийн БТСГ-ын дэргэдэх Их Монголын Хүчтэн дэвжээндээ харьяалагдаж явдаг.

-     -Монголоос өөр ямар тамирчид оролцсон бэ? Хоёр, гурван тамирчин амжилт гаргасан гэж сонссон?

-   ,Чөлөөт бөхийн төрлөөр гурав, жудо бөхөөр тав, нийтдээ найман тамирчин явсан. Дифлимпийн мөнгөн медальт Д.Чинзориг 70 кг-ын жинд тав, хүрэл медальт Ш.Батбаатар 74 кг-ын жинд тавдугаар байранд тус тус шалгарсан. Мөн жудо бөхийн төрлөөр Өвөрхангай аймгийн харьяат Б.Оюундэлгэр, 70 кг жинд хүрэл медаль авч, Монголын баг тамирчид медалийн чанараар 73 орноос 32-р байрт орсон.

-     -Баярлалаа, та бүхэнд спортын өндөр амжилтыг хүсье.

-    -Энэ ташрамд биднийг үргэлж дэмжиж тусалж байсан Өвөрхангай аймгийн болоод Арвайхээр сумын удирдлагууд, Монголын чөлөөт бөхийн холбоо, шигшээ багийн хамт олон, нийт багш дасгалжуулагчид, тамирчид, найд нөхөд, хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье. 

Холбоотой мэдээ