Говь-Алтай аймагт 10МВт нарны цахилгаан станц байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-24 08:43:12

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт 10МВт нарны цахилгаан станцын шав тавих ёслол боллоо.

Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх албаны бусад төлөөллийн хамтаар оролцсон юм.


Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Төвийн эрчим хүчний системээс алслагдсан аймгуудад Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох зорилгоор хэрэгжиж байгаа төсөл юм. Төслийн хүрээнд дэд станц, агаарын шугам зэрэг дагалдах ажлуудыг нэг жилийн хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгөх аж. Ингэснээр баруун бүсийн алслагдсан сум, орон нутгийн хэрэглэгчдийн цахилгаан хамгамжийн хүртээмж, чанар дээшилнэ гэдгийг холбогдох албанаас мэдээлэв.

Есөнбулаг сумын 10 МВт нарны цахилгаан станц нь Алтай-Улиастайн эрчим хүчний системийн бүтэц дэх нарны эрчим хүчнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хоёр дахь том эх үүсвэр болно. Жилд 17.2 сая киловат.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн 14 мянган өрх, 49 мянган иргэнийг цэвэр цахилгаан эрчим хүчээр хангана. Үүнээс гадна жилд 15 мянган тонн нүүрс хүчлийн хий, 53 тонн хүхэрлэг хий, 20 тонн тоосонцорыг хэмнэж агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж мөн мэдээлсэн юм.

Цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 12 сарын хугацаанд гүйцэтгэх бөгөөд 2023 оны 6 дугаар сард дуусгах бөгөөд гүйцэтгэгчээр нь “М-Си-Эс Интернэйшнл” ХХК ажиллаж байна. 

Түүнчлэн Алтай сумын цахилгааныг агаарын шугамаар холбох 6.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж иж бүрэн зай хураагуурын системээр бүрэн шинэчилнэ гэдгийг танилцууллаа.

Холбоотой мэдээ