Бямба гараг бүрт уншсан номынхоо тухай хэлэлцүүлэг зохион байгуулж хэвшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-05-22 18:41:01

Дорнод /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярыг Дорнод аймагт тэмдэглэн өнгөрүүллээ. Өглөө эртлэн Тусгаар тогтнолын талбайд номд шимтэгсэд цугларч, 31 дэх удаагийн номын баярыг ёслол төгөлдөр эхлүүлсэн юм. Номын баярт, ЕБС, цэцэрлэгүүд, аймгийн Төв номын сан, хувийн номын дэлгүүр, клубүүд оролцсон.

Шинэ хөгжил” цогцолбор сургууль эсгий урлалаар бага насны хүүхдүүдийн танин мэдэхүйн төрөл бүрийн ном урласнаа дэлгэн тавьсан бол үүдээ нээгээд нэг жилийг үдэж байгаа "Ундрах билэг" номын дэлгүүр Монголын болон дэлхийн уран зохиол, бэст сэллэр номууд, хүний хөгжлийн номууд зэрэг дөрвөн мянга орчим номдоо 15-20 хувийн хямдрал үзүүлж, хичээлийн хэрэгсэл худалдан борлуулж байсан. Үйлчлүүлэгчдээ хүйтэн шүүс, кофегоор дайлж, сонирхсон номоо гарчиглах орчин нөхцөлийг ч бүрдүүлсэн байв.

"Оюуны түлхүүр" номын клуб энэхүү номын баярт оролцож, клубээ танилцуулан сурталчлах материал тараахаас гадна хүүхдийн санхүүгийн боловсролд зориулсан номоор багачууддаа үйлчиллээ. Номд дуртай хэсэг залуус нэгдэн энэхүү онлайн номын клубийг байгуулж, бямба гараг бүрт уншсан номынхоо тухай хэлэлцүүлэг зохион байгуулж хэвшжээ.

Аймгийн Соёл урлагийн газраас ЕБС-иуд болон Төв номын сантай хамтран хүүхэд багачуудыг номд дуртай болгох чиглэлээр нэлээд ажил төлөвлөж байгаагаа энэ үеэр онцолж байлаа. Харин уншигчдын хувьд Монголын сор болсон зохиолчдыг ном бүтээлтэй нь аймагтаа урих зэргээр ирэх жилүүдэд номын баярыг илүү өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. 

Холбоотой мэдээ