Өмнөговь аймаг жишиг болохуйц музейтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2022-05-18 14:58:50

Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол улсад анх удаа орчин үеийн стандартын шаардлага хангасан, өвөрмөц загвар шийдлийг хослуулан барьсан байгалийн түүхийн музейг ашиглалтад орууллаа. 

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей” нь интерьер, экстерьерийн хувьд төгс гүйцэтгэл бүхий маш өвөрмөц шийдэлтэй, ашигт малтмалын уурхай болсон эд өлгийн зүйлсийг цогцоор нь тусгасан, шинжлэх ухаан танин мэдэхүйн төв болж чадахуйц цогц байгууламж юм. Энэхүү музейг ашиглалтад оруулснаар Даланзадгад хотын хөгжилд өнгө нэмж, хүүхэд залуучууд, ард иргэдийнхээ өөрийн аймгийн түүх, өв соёлын талаарх боловсрол, мэдлэгийг нэмэх, аялал жуулчлалыг татах, орон нутгийн түүхэн олдвороо хадгалж хамгаалах зэрэг чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Тус музей нь 4000-аад үзмэртэй ба цаашлаад үлэг гүрвэлийн олдворуудаар баяжуулж дэлхийд танигдсан музей болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар Tarbosaurus bataar үлэг гүрвэлийн яс нь голлох үзүүлбэр юм. 


Холбоотой мэдээ