Тайз, дэлгэцийн уран бүтээлийн зурагт хуудсаар үзэсгэлэн гаргав

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2022-05-17 15:20:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын музейн өдөр маргааш тохионо. Эл өдрийг тохиолдуулан Монголын театрын музейд дүрст эвлүүлдэг тоглоом, “Зурагт хуудас” католог, үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.

 

БНСУ-ын Олон улсын соёлын солилцоог дэмжих “КOFICE” сангийн дэмжлэгээр хэвлүүлсэн эдгээр дүрст эвлүүлдэг тоглоом, каталогийг монголын тусгай хэрэгцээт боловсролын хүүхдүүдэд тараах юм.

 

“Монголын театрын музейн сан хөмрөгт түүхэн гэрэл зураг, баримтат өв, уран бүтээлчдийн уран зураг, баримал, жүжгийн хөтөлбөр, зурагт хуудас, ном товхимол, хувцас, макет, эскиз болон киноны аппарат хэрэгсэл, ардын уламжлалт хөгжмийн зэмсэг зэрэг нандин үзмэрүүд хадгалагддаг. Энэхүү сан хөмрөгт хадгалж буй 250 гаруй зурагт хуудсаар “Зурагт хуудас”-ны каталоги, дүрст эвлүүлдэг тоглоомыг хэвлүүлэн, анх удаа олны хүртээл болгож буй юм” хэмээн тус музейн захирал Д.Наранжаргал тодотгов.

 

1920 оны үед 20 гаруй ухуулга хуудсыг анх хэвлэж монгол орон даяар тараасан байна. Хүн амын олонх бичиг үсэггүй нийтээр соёлжиж боловсроогүй үед хамгийн хүртээмжтэй хэлбэр нь зурагт хуудас байсан бөгөөд хувьсгалын ололт амжилтыг таниулан тайлбарлах, нийтийн идэвхийг дайчлах хэрэгт чухал үүрэг гүйцэтгэжээ.

 

Зурагт хуудсыг Ардын хувьсгалын эхэн үед гараар зурж байсан бол 1923 оноос ОХУ-ын Санкт Петербург хотод хэвлэх болжээ. Тухайн үеийн нийгмийн захиалгаар ардын хувьсгалын үйл явц, ангийн хурц ширүүн тэмцлийг голлон дүрсэлж байв. 1930-аад оны зургат хуудаснаа шинэ бүтээн байгуулалт, шинэ үзэл санаа, хөгжлийг түгээн дэлгэрүүлэх сэдэв зонхилох болсон байна.


Зурагт хуудас нь тодорхой зайнаас тод харагдах, товч, ойлгомжтой байх онцлогтой бөгөөд уран сайхан, кино, урлаг, сурталчилгааны гэсэн төрлүүдтэй.

 

“Бөмбөгөр ногоон” хэмээн олноо алдаршсан Улсын төв театраас өрх тусгаарласан соёл, урлагийн олон байгууллагын тайз, дэлгэцийн уран бүтээлийн зурагт хуудсыг тус үзэсгэлэнд толилуулж байна.







Холбоотой мэдээ