Их дэлгүүрийн зүүн талын авто замын засварыг өнөөдрөөс эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-13 08:25:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөө, Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойш Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 м авто замын шинэчлэлийг өнөөдрөөс эхлэн 6 дугаар сарын 1 хүртэл хийнэ.


Тус ажлын хүрээнд тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх юм.


Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтыг 14 байршлын гол болон туслах гудамж замд хийхээр төлөвлөжээ.


Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат ярихдаа, “Зорчих хэсгийн хучилт хийхэд зам хаана. Хучилтаас бусад ажлын үед замын хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хөдөлгөөн зохион байгуулна. Хучилтын ажлын хэмжээнээс шалтгаалан зам хаах хугацааг тогтооно. Богино замуудыг 1 өдөр, урт замуудыг 1-2 хоног хаана. Зам хаах, хөдөлгөөн зохион байгуулалтын талаарх мэдээллийг засварын ажил эхлэхээс 3-5 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдэгдэнэ” гэжээ.

Холбоотой мэдээ