Хэнтий аймаг төрийн албан хаагчдын ажлыг иргэдээрээ үнэлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-05-21 21:46:14

Хэнтий /МОНЦЭМЭ/ Хэнтий аймгийн ЗДТГ төрийн албан хаагчдын ажлыг иргэдээрээ  үнэлүүлэх төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар өргөдөл гомдол 80 хувь буурчээ. 

Тодруулбал, тус аймгийн ЗДТГ төрийн албан хаагчтай холбоотой ирүүлсэн өргөдөл гомдолд дүн шинжилгээ хийж үзэхэд иргэдэд шууд үйлчилгээ үзүүлдэг байгууллагын албан хаагчдын харилцаа, хандлагатай холбоотой өргөдөл дийлэнх хувийг эзэлжээ. 

Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хөнгөн шуурхай хүргэх үүднээс төрийн албан хаагчдын ажлыг үнэлэх үнэлгээний төхөөрөмж, дуу дүрсний хяналтын камерыг 2021 оны 6 дугаар сараас эхлэн нэвтрүүлж, хэвшүүлэн ажиллаж байна.

Үүнд иргэдэд шууд үйлчилгээ үзүүлдэг 8 байгууллага буюу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Архивын тасаг, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Нэг цэгийн үйлчилгээний төв болон 18 сумын ЗДТГ-ын нэгдсэн төвд  суурилуулсан байна.

Өндөр нягтралтай камер, дууны төхөөрөмж бүхий уг төхөөрөмжийг суурилуулснаар төрийн албан хаагч, иргэний хооронд маргаан үүссэн тохиолдолд маргааныг эрх бүхий албан тушаалтан газар дээр нь шийдвэрлэх, иргэн өөрт нь үйлчилж буй төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх боломжийг олгож байна. Нөгөөтэйгүүр төрийн албан хаагчийн ажлын үр дүнг бодитой үнэлж урамшуулах, алдаа дутагдал гаргасан бол хариуцлага тооцох асуудлыг төхөөрөмжийн тусламжтайгаар шийдвэрлэж байгаа юм.


Холбоотой мэдээ