Тахь нутагшуулснаар иргэд экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахад оролцдог болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-05-10 19:06:13

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт тахь сэргээн нутагшуулснаас хойш олон үр дүнд хүрсэн тухай "Хомын талын тахь" ТББ-аас мэдээлэв.

Тухайлбал, 2004 онд Хомын талд анхны тахь ирснээс хойш тахийн тоо толгой дөрөв дахин нэмэгдэж, 26-аас 100 гаруй бодгаль болж өссөн. 2022 оны тавдугаар сарын байдлаар Хомын талын тахийн сүрэг 115 толгой болжээ. Мөн Хомын талыг хамгаалалтад авсан он жилүүдэд монгол бөхөн, цагаан зээр, хар сүүлт зээр, янгир зэрэг нэн ховор, ховор зүйл зэрлэг туруутны тоо толгой мэдэгдэхүйц өссөнЗавхан гол дагуух зэрлэг чацарганын ойн эзлэх талбай 100 га-аас 2022 оны байдлаар 1100 га хүртэл тэлсэн нь татмын ойн экосистем мэдэгдэхүйц сайжирсныг илтгэж байна.

Тахь сэргээн нутагшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэд идэвхтэн байгаль хамгаалагчдын сүлжээнд нэгдэж, эргүүл хяналт хийх. Ойн нөөц баялгийг хамгаалах, мэдээлэл солилцох зэргээр байгаль хамгаалах ажил үйлсэд сайн дураар оролцон тахийг үнэт зүйл хэмээн үзэх өөриймсөг хандлага бий болж байгаа нь сайшаалтай.

Жилээс жилд өсөн нэмэгдэж буй тахийн ирээдүйн амьдрах орчныг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2020 оны тавдугаар сард Хомын тал орчмын 411,403.80га талбайг Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын хамгаалалтад авсан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд Хомын тал орчмын байгалийн цогцолборт газрын амьтдын тоо толгой өсөж, тахийн эзэмшил нутаг бүрэн хамгаалалтад ороод буй зэргээр Хомын талд анх нутагшуулж эхэлсэн тахийн сүргийн үр дүн байгаль экологи, нутгийн уугуул иргэдийн байгаль орчноо хамгаалах, байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, биологийн төрөл зүйлийн хамгаалалтын талаарх мэдлэг дээшилсэн гээд үр дүнгүүдийг тоочоод баршгүй гэв.


Дөрвөлжин сум аймагтаа “Тогтвортой хөгжлийн төлөвлөгөө”-тэй ганц сум

Хомын талын тахийн уугуул нутаг Дөрвөлжин сум нь 2500 гаруй хүн амтай говийн бүсийн томоохон сумдын нэг.

Тус сум Хомын талын тахь төрийн бус байгууллагын санхүүжилтээр 2017-2025 онд хэрэгжүүлэх "Тогтвортой хөгжлийн төлөвлөгөө"-өө боловсруулсан анхны сум юм. Түүнээс хойш тус сум тогтвортой хөгжлийн төлөвлөгөөндөө жил бүр тодотгол хийж, шат дараатай үйл ажиллагааг явуулж буй. Завхан аймгийн хэмжээнд тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлсон тус сум байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал, тогтвортой хөгжлийн 17 зорилтыг сум хөгжүүлэх үйл ажиллагааны бодлого, хөтөлбөр бүртээ тусгаж, шаардлагатай арга зүйн дэмжлэгийг "Хомын талын тахь" төрийн бус байгууллагаас авч байна. Тогтвортой хөгжлийн төлөвлөгөө нь эдийн засаг, нийгмийн хөгжил болон байгаль орчны тогтвортой хөгжил гэсэн үндсэн гурван тэргүүлэх чиглэлтэй аж.



Нөхөрлөлийн засаглалыг бэхжүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулж байна

Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах зорилгоор байгалийн нөөцийн хамтын менежмент болон нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын менежментийг хэрэгжүүлж байна.


Энэ ажлын хүрээнд Дөрвөлжин сумын Онц, Тавантолгой багийн малчин өрхүүдийн дунд зэрлэг чацарганын ойг хамгаалах дөрвөн нөхөрлөл байгуулсан. Нөхөрлөлийн засаглалыг бэхжүүлэх зорилгоор "Хомын талын тахь" төрийн бус байгууллагаас ойн менежмент, нөхөрлөлийн засаглал, өрхийн аж ахуй эрхлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, нөхөрлөлийн гишүүдийг хамруулж чадавхжуулж байна. Эдгээр нөхөрлөлүүд нь Завхан голын дагуу ургах зэрлэг чацарганын ойг хамгаалах, арчлах, нөхөн сэргээх. Байгалийн нөөцийн ашиглалтад хяналт тавьдаг. "Хомын талын тахь" төрийн бус байгууллага нь суманд чацарганын бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг байгуулж өгсөн нь өдгөө хоёр дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Өнөөдөр нөхөрлөлүүд хариуцсан талбайгаас хураасан чацарганаа сумынхаа үйлдвэрт шууд нийлүүлдэг төдийгүй талуудын оролцоо, хамтын ажиллагаа сайжирсан. Өнөөдөр тус үйлдвэр сумандаа 5-6 иргэнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж буй юм.

Явуулын номын сан малчдын хүсэн хүлээдэг үйлчилгээ болсон

"Хомын талын тахь" төрийн бус байгууллагын санаачилгаар 2018 оноос эхлэн явуулын номын сан ажиллаж эхэлсэн.

Айл өрхүүдэд ном уншиж, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийт явуулын 10 хайрцаг эмхэтгэж, айлуудад хүргэсэн. Уг хайрцагт эрүүл мэнд, нүүдлийн мал аж ахуй, уламжлалт байгаль хамгаалал, өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэлт, уран зохиол зэрэг сэдвээр хэрэгцээтэй номуудыг малчдын саналаар багтаасан. Дөрвөлжин сумын төвөөсөө 300-250 орчим километрийн алс орших Онц, Тавантолгой багийн малчид нүүдлийн номын сангаар үйлчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар явуулын номын сан улиралд хоёр удаа нийт 270 гаруй номтой үйлчилгээг хот айлд нь хүргэж хэвшжээ гэж "Хомын талын тахь" төрийн бус байгууллагаас мэдээлэл өглөө.


Тахийн ирээдүйн тархац нутгийг хамгаалах чиглэлээр бид ажиллаж байна

Хомын талд тахь нутагшуулснаар олон талын үр дүн гарсан хэдий ч бэрхшээлтэй зүйлүүд бий.

Энэ жил тахь эх нутагтаа ирсний буюу Монголд нутагшсаны 30 жилийн ой тохиож байна. 2022 оны байдлаар Завхан аймгийн Дөрвөлжин суманд 100 гаруй тахь нутагшиж байгаа. Тахь сэргээн нутагшуулах ажил нь тахийг тээвэрлэж авчраад, байгальд сулласнаар дуусах ажил биш юм. Тахиудыг байнгын ажиглаж, мониторинг судалгаа хийж, түүний үр дүнд үндэслэсэн менежментийн арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байдаг. Тахиудын бүртгэл, ажиглалтыг тахь ирсэн өдрөөс хойш өдөр бүр тасралтгүйгээр хийж гүйцэтгэж байна.


Байгаль хамгаалагчид сүргийн бүтэц, үржлийн экологи, эрүүл мэнд, амьдрах орчны ашиглалт, улирлын шилжилт хөдөлгөөн зэргийг судлахаас гадна сүргийн дотоод харилцаа, зан төрхийн 29 төрлийн үйлдлийг тэмдэглэн мэдээлэл цуглуулж, сан үүсгэдэг.

Мөн тахь сэргээн нутагшуулж буй хашааны бүрэн бүтэн байдлыг хангах, эргүүл хяналт хийх. Мал оруулахгүй байлгах зэрэг ажлуудыг өдөр бүр хийж байна. Эдгээр цуглуулсан мэдээнд тулгуурлан боловсруулалт, дүн шинжилгээ хийж, цаашдын ажилд ач холбогдол бүхий хамгааллын менежментийг боловсруулдаг. Аливаа амьтныг сэргээн нутагшуулахад тулгамдах асуудал цөөнгүй. Тахийн хувьд тулгарч буй үндсэн гурван бэрхшээл бий. Нэгдүгээрт усны асуудал хамгийн чухлаар тавигддаг.


Тахиуд намар, хавар, зуны улиралд Завхан голоос ундаалж, өвлийн улиралд Завхан гол бүрэн хөлдсөнөөр цасаар усны хэрэгцээгээ хангадаг. Тухайн жилийн хур тунадасны хэмжээнээс хамааран цас бага унах, цас орохгүй оройтох зэрэг тохиолдолд тахиуд усны хомсдолд орох эрсдэл үүсэж байна.

Хоёрдугаарт тахь гэрийн адуутай эрлийзжих эрсдэл үүсэж болзошгүй байгаа. Тахь нь гэрийн адуутай ойр зүйл учир хоорондоо үржилд орох боломжтой байдаг. Гуравдугаарт тахинд малаас өвчин дамжих эрсдэл бий. Сээрийн тахь сэргээн нутагшуулж буй хашаанд гэрийн адуу орж ирэх тохиолдлууд гардаг. Энэ нь одоогоор том асуудал үүсгэхгүй байгаа хэдий ч ирээдүйд өвчин дамжих, эсвэл эрлийзжих эрсдэлийг үүсгэх магадлалтай юм. Өнөөдөр тахийн хамгааллын менежментийн үр дүнд тахийн тоо толгой жил бүр өсөж байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй тахийн сүргийг цаашид хашаанаас суллах. Хомын талд бие даан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ирээдүйн тархац нутгийг хамгаалах чиглэлээр бид сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж байгаа гэж Хомын талын тахь төрийн бус байгууллагынхан хэллээ. 


Холбоотой мэдээ