ХМТ-ны ажилтан БНХАУ-ын туршуул байснаа хүлээн зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-02 11:13:42

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд /ХМТ/ цахилгааны техникч хийдэг залуу БНХАУ-ын Засгийн газрын туршуул байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

БНХАУ-д төрж, улмаар АНУ-ын иргэн болсон Кун Шан Чун гэгч даваа гарагт Холбооны Улсын шүүхээр орж, БНХАУ-д чухал мэдээлэл дамжуулдаг байснаа хүлээн зөвшөөрчээ.

Холбооны мөрдөх товчооны зохион байгуулалтын схем, тус байгууллагын албан хаагчдын тодорхойлолт, аяллын төлөвлөгөө болон ХМТ-ны тагнуулын хориотой бүсэд байршуулсан баримт бичгийн зураг зэрэг мэдээллийг тэрбээр Хятад руу дамжуулдаг байсан байна гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдэв.

Өдгөө 46 настай тэрбээр 27 сарын хоригдох ял шийтгүүлсэн байна.

Чун нь 1997 онд ХМТ-д ажилд орж, улмаар 1998 онд маш нууц мэдээлэлд нэвтрэх зөвшөөрөл авчээ.

БНХАУ-ын хэвлэгч машин үйлдвэрлэлийн компаниар дамжуулан 2011-2016 оны хооронд нууцлалын зэрэгтэй мэдээлэл дамжуулсан хэргээр түүнийг шүүхэд татсан байна. Чуны эцэг эх уг компанид хөрөнгө оруулалт хийсэн ажээ.

Прокуроруудын мэдээлснээр, “Zhuhai Kolion Technology” компани Чуны БНХАУ руу хийсэн аяллын зардлыг төлдөг байсан байна. Тэрбээр уг компанитай үүсгэсэн холбоогоо нуухын тулд ХМТ-нд худал мэдээлэл өгсөн хэргээр анх гуравдугаар сард хариуцлага хүлээж байжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ