Багуудын нутаг дэвсгэр камерийн хяналтад шилжиж эхлэв

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 15:13:45

Дархан хотод гурван Мегапикселийн нягтралтай 15 камерийг шинэ Дарханы тав болон 9 давхар байруудын дээвэр дээр байрлуулсанаар хорооллын доторх байруудын орц, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг зэргийг бүрэн хянах боломжтой болжээ.

Аймгийн Цагдаагийн газрын хяналтын камер нь төв замын дагуу тавигдаж хорооллын доторхийг хянах боломж төдийлөн бүрдээгүй байсан юм. Харин ингэж багийн нутаг дэвсгэрийг камержуулсанаар хөрөнгө зардал гаргаж хийсэн бүтээн байгуулалтуудыг хянахын дээр иргэдийн ая тохитой, амгалан тайван байдлыг хангахад илүү ач холбогдолтой ажил болж байна гэж Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал хэллээ. Энэхүү шинээр суурилуулсан хяналтын камер нь 24 цагийн ажиллагаатай доод тал нь 20 өдрийн өмнөх бичлэгийг ухрааж харах боломжтойгоор Багийн төв дээр камерын хяналтын дэлгэцийг байрлуулсан. Иргэд шаардлагатай тохиолдолд хяналтын камерын бичлэгийг ухрааж үзэх боломжтой юм байна. Гэхдээ ямар хүсэлтийг хэнд гаргаж, ямар маягт бөглөх зэрэг  хяналтын системд нэвтрэх тодорхой журмыг мөрдөх ёстой гэнэ. Камержуулалтын энэ ажил гэмт хэрэг зөрчлийг бууруулж урьдчилан сэргийлэхэд иргэдийн амьдралд бодит хувь нэмэр болж үр дүнгээ өгвөл  дараагийн жилүүдэд үргэжлүүлж бусад байруудыг мөн камержуулахаар төвөвлөжээ.

 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд