Өнөөдрийн байдлаар хавдартай гэж оношлогдсон 659 иргэн эмчийн хяналтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-27 17:19:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдрийн байдлаар хавдартай гэж оношлогдсон 659 иргэн эмчийн хяналтад байна. Үүний 375 нь эмэгтэй юм. Эдгээр эмэгтэйчүүдийн 20.3 хувь буюу 134 нь хөх, умайн хүзүү, өндгөвчний хавдартай гэж оношлогдсон аж.    

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Ховд аймагт ажиллаж, “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн талаар танилцууллаа

Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь жил бүр эмэгтэйчүүд, охидод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх нэг шинэ төсөл хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа тусгадаг аж.  

Энэ хүрээнд 2022 онд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хорт хавдрын асуудалд анхаарал хандуулах үүднээс “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Тухайлбал, умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар монгол эмэгтэйчүүд Ази, Номхон далайн бүс нутагт тэргүүлдэг бол сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн, нас залуужсан гэх мэдээлэл бий. Иймээс энэ асуудлыг дан ганц эрүүл мэндийн салбарт даатгаад орхих бус Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь уг асуудалд хамтран ажиллахаар шийджээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхйилөгч Б.Оюунгэрэлээр ахлуулсан ажлын баг Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 ангийн алба хаагч, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Ховд их сургуулийн оюутан, залуустай уулзаж, төслийнхөө талаар мэдээлэл хийлээ. 

Мөн гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдэд тулгамдаж буй асуудлыг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх сургалт (лекц) зохион байгууллаа.


Төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийн 330 суманд явуулын эмнэлэг ажиллуулж, умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо хийх, эрүүл мэндийн боловсрол олгох, сумдын эмч нарт ажлын байрны сургалт хийх, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг ажил өрнүүлэх юм. Мөн умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоог ирэх зургаадугаар сард эхлэхээр төлөвлөжээ.  


 

Холбоотой мэдээ