Хөвсгөлд 220 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-04-26 15:16:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, мэдээллийн технологийн боломжийг орон нутагт ашиглах “Орон нутагт шинжлэх ухаан технологи, инновацыг нутагшуулъя” аян үргэлжилж байна.


Боловсрол, шинжлэх ухааны яам орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновац нутагшуулах аяныг эхлүүлсэн. Энэ аянд шинжлэх ухааны академи, шинжлэх ухаан технологийн сан, их дээд сургуулиуд, энтерпрейнер соёлыг түгээгч байгууллагууд хамтран оролцож байна.


Энэ онд 5 аймагт очиж ажиллахаар зорьж Орхон, Өмнөговь аймагт аян үргэлжилсэн бол энэ өдрүүдэд аялал жуулчлалын тулгуур төв Хөвсгөл аймагт ажиллаж байна. Аяны хүрээнд төр-шинжлэх ухаан-хувийн хэвшил-орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгаа юм.


Аяны хүрээнд 220 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Хөвсгөл аймгийн иргэдэд танилцуулж, “Монгол технологи-Монгол инноваци” хөгжүүлэх, инновацын хөгжлийн өнөөдөр ба ирээдүйн арга замыг хамтдаа хэлэлцэж, соёлын үйл ажиллагаанууд үргэлжилж байна.


Хөтөлбөрт орсон шинжлэх ухааны мэргэжлийн цогц сургалтуудаас Халдварт өвчний оношилгооны аргууд, тэдгээрийг сонгон хэрэглэх ба үнэлэх, Малын халдваргүй өвчний шалтгаан, оношилгоо, эмчилгээ, тэдгээрээс сэргийлэх арга, Махны чиглэлийн хонь өсгөн бойжуулах, Ховор болон ховордсон ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, тарималжуулах, “Хог хаягдлын менежмент” цогц сургалт, Хүнсний ногооны таримлын сорт судалгаа, үр үржүүлгийн танхимын болон талбайн үзүүлэх сургалтыг менторшип зөвлөхүүд өгч байна.



Холбоотой мэдээ