Рио-2016: Оросын усанд сэлэгчид Спортын арбитрын шүүхэд давж заалджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-08-01 09:48:37

МОСКВА. /ВВС/. Риогийн Олимпын наадамд оролцох эрхээ хасуулаад байгаа Оросын усанд сэлэлтийн гурван тамирчин Спортын арбитрын шүүхэд /САШ/ давж заалджээ.

Никита Лобинцев, Владимир Морозов болон Юлия Ефимова нар САШ-д давж заалдсан байна.

Лобинцев нь 2008 оны Бээжингийн Олимпын наадмаас 4х200 м-ийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд мөнгө, 2012 оны Лондоны Олимпын 4х100 м-ийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн аж.

Харин Морозов нь “Бээжин-2008”-ийн 4х100 м буухиа сэлэлтийн төрөлд хүрэл, Ефимова нь “Лондон-2012”-ын 200 м-ийн мэлхий сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртжээ.

Оросын тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэж Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ мэдэгдэн, тэднийг Риогийн Олимпын наадамд оролцохыг хориглосон билээ. Риогийн Олимпод оролцохыг WADA дангаар хориглосныг дээрх гурван тамирчин “шударга бус” гэж үзэж байна.

Олон улсын усанд сэлэлтийн холбоо Оросын 7 сэлэгчийг Риогийн Олимпод оролцохыг хориглосон шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт гаргасан юм.

Одоогийн байдлаар, Оросын нийт 100 гаруй тамирчныг Риогийн Олимпын наадамд оролцохыг хориглоод байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ