Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-16 16:40:39

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд  сумын ЗДТГ-аас  "Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ"-г энэ амралтын өдрөөр зохион байгуулж эхэллээ.

Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хуваарийн дагуу тухайн багийнхаа нутаг дэвсгэрт байгаа хог хаягдлыг цэвэрлэх үүрэг хүлээж, байгууллага хамт олноороо их цэвэрлэгээний ажилд оролцож буй.

Амьдарч, ажиллаж буй газар орныхаа тав тух, цэвэр орчныг буй болгох нь ганц Тохижилтын байгууллагын үүрэг бус, хүн бүхний оролцоо, тэдний идэвх чармайлтын үр дүнгээс шууд шалтгаалдаг гэдгийг албаныхан онцолж байлаа.

Мөн эерэг хандлагыг түгээж эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр орчинд хамтдаа амьдрахыг сумын ЗДТГ-аас уриалав. Сайншанд сум 2022 оныг “Эко хот” болгон зарлаж, хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг ангилан ялгах нөхцөлийг бүрдүүлэх, эко орчинд тав тухтай ажиллаж, амьдрах зорилгыг тавьж байгаа юм.

Холбоотой мэдээ