Мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлогыг нэмэгдүүлэхээр малчид зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-04-14 15:56:41

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт малчин, мал аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөн болж байна.

Малчдын залгамж халааг бэлтгэх, мал маллагааны арга барилд сургах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой тус зөвлөгөөнд 24 сумын 200 гаруй малчин оролцож байна. Тус үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын дөрвөн төрөлжсөн байгууллагууд болох Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” нэртэй хөтөлбөрөөс хамтран зохион байгуулж буй юм.

Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нарын албаны хүмүүс оролцож байна. Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр тус аймгийн мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, мал амьтны эрүүл мэндийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, малчдын хөдөлмөр эрхлэлт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг малчдад өгч, санал солилцох юм.

Түүнчлэн малчдын эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр зөвлөгөөнд оролцогчид санал солилцож, улсын тэргүүний сум, улс, аймгийн аварга малчид туршлагаасаа хуваалцах юм. Харин маргааш НҮБ-ын хамтарсан дөрвөн байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилт үр дүнгийн талаар НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийнэ.


Мөн үеэр “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийн үр шимийг хүртэгч малчид болон малчдын бүлэг хоршоонуудын бүтээлүүдийн үзэсгэлэн гаргаж, хөтөлбөрийн үр шимийг хүртэгчид өөрсдийн арга туршлагыг хуваалцах юм. Зөвлөгөөний хоёр дахь өдөр Завхан аймагт хэрэгжүүлэх эрсдэлийг даван туулах малчин өрхийн чадавхын үнэлгээ, малчин ажил олгогчдыг аж ахуй эрхлэлтийн чиглэлээр чадавхжуулах төслийн танилцуулга. “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн танилцуулгуудыг малчдад хийх аж.






Завханы 4000 гаруй малчинд бодит хөрөнгө оруулалтыг хийжээ

НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хөтөлбөр гурван зорилтыг дэвшүүлжээ.

Хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээрт, малчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтголцоог бэхжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх. Гуравдугаарт, нийгмийн хамгааллын санхүүжилтийн стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх, холбогдох судалгаанууд хийх гэхчлэн зорилтуудыг дэвшүүлсэн.

Өөрөөр хэлбэл, энэхүү хөтөлбөр нь малчдын бизнес санал санаачилгыг өргөжүүлж, тэдний орлогыг нэмэгдүүлэх. Хоршооны үйл ажиллагааг дэмжих замаар тэдний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх. Малчдын нийгмийн халамжийн тогтолцоог ашиглан малчин өрхийн байгалийн гамшиг, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлж, цочролын дараах нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Хөтөлбөр 2020 онд нээлтээ хийж, хоёр жилийн хугацаатай Завхан аймагт хэрэгжлээ. Малчдын зөвлөгөөний хоёр дахь өдөр НҮБ-аас хөтөлбөрийн үр дүнгийн талаарх мэдээллийг малчдад өгөх юм.

“Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хөтөлбөр нь хэрэгжиж эхэлснээс хойш Завхан аймгийн малчдад тодорхой хэмжээний үр дүнг өгсөн нь үр шим хүртэгчдийн үзэсгэлэнгээс харагдаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөтөлбөрөөс аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Нийгмийн халамж, даатгалын хэлтэс, Насан туршийн боловсролын төв, Бэлчээр ашиглагчдын холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдтэй хамтран ажиллаж олон талт чадавхжуулах мэдлэг ойлголт нэмэгдүүлэх сургалт, хөтөлбөр үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн Завхан аймгийн Отгон, Дөрвөлжин, Идэр, Тэс, Их-Уул сумын зургаан хоршоо, залуу малчид гээд нийт 4000 гаруй малчинд хүрч, бодит хөрөнгө оруулалтыг хөтөлбөрөөс хийгээд буй юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 





Холбоотой мэдээ