Үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь АН-ын бүлэг 30 минутын завсарлага авлаа.
Монгол Улс коронавирусний нөхцөл байдал, ОХУ, Украины хурцадмал нөхцөл байдлын улмаас дэлхий дахинд түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнийн өсөлт огцом нэмэгдэж байна. Тухайлбал, он гарсаар газрын тосны үнэ дунджаар 50 хүртэл хувь, улаанбуудайн үнэ 40 хувь өсөж, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас зарим хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомсдол үүсэж, цаашлаад дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул бодитоор нүүрлэсэн байна. Тиймээс Засгийн газраас хямралыг даван туулах үүднээс дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр энэ сарын 5-нд өргөн барьсан юм.
Энэ хуулийг баталснаар:
- Нэгдүгээрт, Засгийн газраас мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх, мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлтэй санхүүжилтийг олгох,
-Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газраас Монголбанканд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлэх,
- Гуравдугаарт, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчсөн этгээдэд хууль хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй байх болон бусад шаардлагатай эрхзүйн зохицуулалтууд хийгдэж, Засгийн газар цаг алдалгүй хямралын мөчлөгийг сөрж, шуурхай ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Уг хуулийн төслийг нарийвчлан боловсруулах, олон нийтэд сурталчилан таниулах шаардлагтай байгаа тул ажлын 5 хоногийн завсарлага авахаа УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат илэрхийлэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ хуулийн төслийг яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн барьсан. БНХАУ-д коронавирусний тархалт өндөр байгаа, ОХУ олон улсын хоригт орсоны улмаас далайд гарцгүй Монгол Улсын хувьд тээвэр, логистикоос эхлээд олон асуудал тулгарч байна” хэмээгээд АН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгч буйгаа мэдэгдлээ. Чуулганы нэгдсэн хуралдаан 16.00 цагаас үргэлжилнэ.