С.Одонтуяа: Хэмнэлтээс гадна орлого олох бодлогоо тодорхой болгох хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Ганбат хэвлэлийн хурал хийхдээ, "Засгийн газар энэхүү хуулийн төсөлд хэдэн төгрөгийг ямар эх үүсвэрээс гаргах, уг хуулийн хэрэгжилтийг хэрхэн хэмжиж, хэн хянах, хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг тодорхой заах ёстой. Шилжилтийн он жилүүдэд буюу 1990 оны үед дэлгүүрүүд бараагүй болж лангуу хоосроход рдчилсан нам иргэн бүрт гадаад паспорт олгож, өмч хувьчлалыг эхлүүлж, хүн бүрт адил тэгш боломжийг олгосноор эдийн засгаа тэлж байсан" хэмээв.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, "Монгол Улсын эдийн засаг хүнд, инфляц гэрлийн хурдаар өсч байна. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн онд төсөв батлах үед өнөөдрийн энэ хөтөлбөрт тусгасан шаардлагагүй зардлыг танах талаар удаа дараа дүгнэлт, зөвлөмж өгч байсан. Эдийн засаг ийм байдалд хүрсэн нь цэвэр бодлогын алдаа. Одоо УИХ, Засгийн газар хэмнэлт хийнэ гэж байна. Энэ зөв. Гэхдээ хэмнэлтээс гадна орлого олох бодлогоо тодорхой болгох хэрэгтэй" хэмээв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Манай улс орлогоо нэмье гэвэл ложистикийн гацаанаас яаралтай гарах ёстой. Хил боомтын хариуцлагаа нэмж, нүүрсний үнийн циклийг ашиглах хэрэгтэй. Одоогийн байдлаар төмөр замаар 14 цуваа хилээр гарч байгаагийн 8 нь Оросын транзит тээвэр. Үүний дөрвөөр нь өөрсдөө уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэх юм бол экспортын орлого нэмэгдэнэ. Түүнчлэн нүүрс тээвэрлэх автомашины тоог 2000 болгоход ам.доларын урсгал сайжирна. Мөн Хөгжлийн банкны өрийн эргэн төлөлт дээр онцгой анхаармаар байна" гэлээ.