Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн газрын хэмжээг 1000 га-аар тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-04-05 20:13:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн гараас өргөн мэдүүлсэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 


Уг тогтоолын төсөлд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, уг бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг тусгасан байлаа. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ