Үнийн өсөлтийн асуудлаар газрын тос болон хүнсний компаниудтай хариуцлагын гэрээ байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-04-04 17:00:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Энэ оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ, Украин улсад мөргөлдөөн эхэлснээр дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдалд урдчилан тооцоолоогүй нөхцөл байдал үүсээд байна. Дэлхийн банк, ОУВС-гаас энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт 4.3 хувь байна гэж төсөөлж байсан боловч дээрх нөхцөл байдлаас шалтгаалан 2.8-3.5 хувь болно хэмээн тооцооллоо. Манай улсын хувьд ч эдийн засгийн өсөлт удаашралтай болсон.

ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүн болох байгалийн хий, газрын тос, үр тарианы үнэ дэлхийн зах зээлд огцом өссөн. Үүний улмаас импортлогч орнуудад шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд хүчтэй нөлөөлж байна.

Улмаар БНХАУ-ын ургац энэ онд түүхэн доод түвшинд байгаа тул хүнсний нийлүүлэлтэд томоохон тасалдал бий болж, дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх эрсдэлийг нэмж байна” гэлээ.

Засгийн газрын өргөн мэдүүлэх уг хуулийн төслийн хүрээнд доорх 8 асуудлыг зохицуулна. Үүнд:

-УИХ-аас нөхцөл байдалтай уялдуулан хууль, тогтоолыг дараалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэх, 

-Монголбанк мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг өөрсдийн харилцдаг банкуудаар нь дамжуулан, банкны эх үүсвэрийг дайчлах, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн боломжийг бий болгох, бусад санхүүгийн хэрэгсэл ашиглан гадаад валютын ханшийн эрсдлийг бууруулах,

-Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгож, Лондонгийн металийн биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоод зах зээлээс алт худалдан авна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлж амжаагүй зөрчил гаргасан хуулийн этгээд, иргэдэд энэ хууль хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй. Өөрөөр хэлбэл, Төвбанканд одоо ч алтаа тушааж болно.

-Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хангамжид нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ авах цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгох,

- Засгийн газраас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардалд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Ингэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэхүү хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах арга хэмжээ авна,

-Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн хомсдол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ,

-Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хүнсний тухай хуулийн 6.7 дах хэсэгт заасны дагуу энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамж, нийлүүлэлтэд хомсдол үүсэхээс сэргийлж, экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүрд тогтоож мөрдүүлнэ. Мөн энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ,

-Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт металь, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно,

Холбоотой мэдээ