Аксель Никейз: Монгол Улс Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд 10.6 тэрбум евро шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-д Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр, “Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэх цорын ганц арга зам нь ногоон, тогтвортой хөрөнгө оруулалт мөн гэдгийг тайлбарлах, Монгол Улсын тогтвортой, ногоон санхүүжилтийг Европын холбоо хэрхэн дэмжих талаар өнөөдөр хөндөж яримаар байна. Нэгдүгээрт, дэлхий даяар ногоон хөгжлийг санхүүжүүлэхэд төр болон хувийн хэвшлээс нийт 3.7 их наяд еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо бий. Тогтвортой хөгжлийн зорилт болон дэлхийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх хөрөнгийг олохын тулд санхүүжилт босгох бүх эх үүсвэрийг эрэлхийлэх шаардлагатай. Дэлхийн эрх тэгш ногоон шилжилтэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэн чухал үүрэгтэй. Тогтвортой санхүүжилтийг нэмэх нь хэцүү сорилт. Хөрөнгө оруулалтын эрсдэл, түүний үнэлгээ нь бага болон дунд орлоготой улс орнууд руу чиглэсэн хөрөнгийн урсгалд саад учруулдаг хамгийн том хүчин зүйл. Ногоон хөгжлийн томоохон төслүүд нь ашиг орлого багатай тул хувийн хэвшил хөрөнгө оруулахаас болгоомжилдог. Санхүүжилт босгохын тулд үндэсний түвшинд санхүүгийн тогтвортой, найдвартай орчин, тогтолцоо чухал.
Ил тод байдлыг нэмж, байгаль орчинд ээлтэй эсэхийг бодитой үнэлснээр тогтвортой санхүүжилтийг өсгөх боломжтой. Ингэхдээ үндэсний онцлогоо тооцохын зэрэгцээ Европын холбоо зэрэг өндөр хөгжсөн санхүүгийн орчинтой уялдуулах нь чухал. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчдад ил тод байж, улс хоорондын санхүү, хөрөнгийн шилжүүлгийг хөнгөвчлөх юм.
Хоёрдугаарт, европын орнууд Европын ногоон хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хүрээнд 2030 он гэхэд нэг тэрбум еврогийн санхүүжилт дайчлах үүрэг, амлалттай. Харин олон улсын түвшинд бидэнтэй зорилго нэгтэй улс болгонтой хүчээ нэгтгэж, хөрөнгө оруулалтын гацааг давахын төлөө хамтран ажиллахыг зорьж байна.
Монгол Улсын хувьд, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн тулд 10.6 тэрбум еврогийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоолол бий. Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд зарцуулах хөрөнгө нь үүнээс ч их. Үүнийг нөхөхийн тулд Монгол Улс Үндэсний санхүүжилтийн нэгдсэн хүрээг боловсруулж, ахиц гарч байгааг сайшааж байна.
Ногоон бонд, хөрөнгийн үр ашигтай ногоон хөгжлийн төсөл боловсруулах зэрэг тогтвортой хөгжилд чиглэсэн санхүүгийн хэрэглүүрүүд нь хөрөнгийг тогтвортой байдлаар хэрэгцээтэй салбарт нь зарцуулахад тус дөхөмтэй. Монгол Улс зэрэг Ази, Номхон далайн бүсийн оронд тогтвортой санхүүжилт татах асар их боломж бий. Монгол Улсад тогтвортой санхүүгийн хэрэглүүрийг нэмэхэд Европын холбоо дэмжих болно. Тогтвортой хөгжлийн зорилтын санхүүжилтийг нөхөх, түүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд Ногоон бондын зах зээлийг хөгжүүлэх нь нэн чухал. Монгол Улс Ногоон бондын зах зээл хөгжүүлэхэд бэлэн эсэхийг судалсан. Ногоон бондын зах зээлийг хөгжүүлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчдын баазыг төрөлжүүлж, тогтвортой дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх хөрөнгийг таатай нөхцөлөөр авч, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлнэ.
Европын холбоо нь тогтвортой санхүүжилт, ногоон бондоор дэлхийд тэргүүлэгчийн хувьд ногоон бондын зэх зээлийг тэлэхэд дэмжлэг болгон тус холбооны стандартыг санал болгосон. “Нэг баг-Нэг европ, дэлхийн ногоон бонд” санаачилгын хүрээнд бид түнш улсуудтай хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллана. Тухайлбал, урамшууллын зөв хэлбэрийг бий болгож, ногоон бонд гаргагч болон хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлнэ. Мөн сайн туршлагаа хуваалцаж, хүний нөөцийг бэхжүүлэн, эрсдэлийн механизмыг бий болгоход дэмжинэ. Ногоон бондын зах зээлийн хөгжилд Олон нийтийн хөгжлийн банк чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ орон нутгийн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг онцолж байна. Эцэст нь хэлэхэд, дан ганц төрийн санаачилгаар тавьсан зорилгодоо хүрэх боломжгүй. Европ ганцаараа бие даан хийх боломжгүй. Тиймээс түнш улсуудын хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт татах нь чухал.
Орчин үеийн хөрөнгө оруулагч нар тэдний хөрөнгө оруулалт нь нийгэм, цаашлаад дэлхийн түвшинд өөрчлөлт авч ирнэ гэдэгт итгэлтэй байхыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, тэд хөрөнгө оруулалтын баталгаатай боломж, тогтвортой орчныг эрэлхийлж байна.
Европын холбоо нь Монгол Улсыг тогтвортой, ногоон хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх чухал түншээ гэж үздэг. Ардчилал, үнэлэмжид суурилсан хөрөнгө оруулалт бодит үр дүнд хүрдэг гэдгийг хамтдаа нотлохыг хүсэж байна. Бид Европ, Монгол болон дэлхийн улс хооронд харилцан хамаарал бус бат бөх тогтвортой хэлхээг үүсгэж, хойч үедээ шинэ, гэрэлтэй ирээдүйг бүтээхийг хүсэж байна” гэлээ.