Жон Браун: Жил бүр АНУ-д Монгол Улсын 40-50 иргэнийг богино буюу урт хугацааны хөтөлбөрт хамруулдаг

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-03-29 14:40:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жон Брауныг Дорноговь аймагт энэ оны гуравдугаар сарын 17-нд ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Тэрээр Сайншанд хотод “Америкийн соёл мэдээлэл”-ийн төвийн танхимыг шинэчлэн засварлаж, үйл ажиллагааг нь дахин нээх ажиллагаанд оролцсон юм.

Сайншанд сумын “Соёмбо” номын санг түшиглэж 2017 онд АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр “Америкийн соёл мэдээлэл”-ийн төвийг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ онд дотоод засал, техникийн шинэчлэлийг хийж, 300 орчим англи ном, DVD кино, уншигч үйлчлүүлэгчдэд зориулсан өндөр хурдны интернэт, компьютерыг хэрэглэгчдэд зориулан суурилуулжээ.

Тус төв англи хэлний анхан, дунд, ахисан шатны сургалт, IELTS-н шалгалтад бэлдэх сургалт, кино цаг, үлгэрийн цаг, байгууллага, хамт олонд зориулсан сургалт, ярианы болон бичгийн клуб, үг үсэглэлийн тэмцээн зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж жилд дунджаар 2000 гаруй иргэнд үйлчилж байна. ​

Иргэд англи хэл дээрх ном зохиолуудаас авч унших, мэдлэгээ сайжруулах, кино үзэж, англи хэлний ярианы клуб, сургалтад хамрагдах боломжтой. 

-Та өөрийгөө танилцуулна уу?

-Би АНУ-ын Кентакки мужид төрсөн. Өвөг дээдэс минь энэ нутагт дээр үеэс амьдарч байсан юм. Харин бага нас минь Охайо мужид өнгөрсөн. Аав, ээжтэйгээ энэ мужид амьдарч бага, дунд сургуулиа дүүргээд дараа нь Америкийн Нью-Йорк хотын Корнеллийн их сургуульд сэтгэл зүй болон францын уран зохиол мэргэжлээр суралцан төгссөн. Оюутан байх хугацаандаа Франц Улсад дадлага сургууль хийх боломж тохиож байсан бөгөөд Их сургуулиа төгссөний дараа хэсэг хугацаанд театрт уран бүтээлчээр ажиллаж байлаа.

Дараа нь дахин дээд сургуульд хүний их эмч мэргэжлээр сурч төгсөөд мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажиллаж байсан. Олон мэргэжлээр сурч дадлагажиж явсны дараа дипломатч болох шийдвэр гаргасан. Учир нь “Энх тайвны корпус”-т сайн дурын ажил хийж байсан маань дипломатч болох шийдвэрт нөлөөлсөн юм. Ингээд дипломатч мэргэжлээр 13 жил ажиллаж байна.

Энэ хугацаанд Бүгд Найрамдах Алжир Улс, НҮБ, Үзбекистан, Киркизстан, ОХУ болон одоогийн байдлаар Монгол Улсад ажиллаж байна. Миний бие Монгол Улсад Элчин сайдын яамныхаа Олон нийттэй харилцах албаны даргын ажлыг хийж байна.

Мөн Олон нийттэй харилцах албаныхаа хамт олныг удирдан ажиллахаас гадна өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг бахархалтайгаар хийж байна. Олон нийттэй харилцах алба бол Элчин сайдын яамны албан ёсны хэвлэлийн төлөөлөгч учраас тантай уулзаж ярилцлага өгч байна.

-Та гадаадын олон улсад дипломат албанд ажилласан гэлээ. Таны ажилласан орнуудаас Монгол Улс юугаараа онцлог ялгаатай вэ?

-Миний ажиллаж, амьдарч байсан цаг хугацаа, ажлын туршлага хуучнаар ЗСБНХОУ-ын харьяаны орнуудад өнгөрсөн байдаг. Тэр улсуудтай харьцуулаад үзэхэд Монгол Улс түүх, зарим соёлын талаараа төстэй байдаг. Зарим зүйлээрээ эрс ялгаатай байна. Энэ нь Монгол Улсын түүхэн замнал, соёлын онцлогтой холбоотой байх. Би дундад Азид олон жил ажиллаж амьдарсан гэж өмнө нь хэлсэн.

Мэдээж Монголд ирээд төстэй зүйлүүд олон байх болов уу гэж бодсон ч намайг гайхашруулсан нэг зүйл нь олон шашин шүтлэгтэй хүмүүс нэг дор энх тайвнаар зэрэгцэн амьдарч байгаа нь хамгийн онцлог бөгөөд өөр санагдсан. Хүн амын дийлэнх нь буддын шашинтай, багахан хувь нь лалын болон өөр шашинтай хэдий ч энх тайвнаар амьдарч байгаа нь сайхан санагдсан.

Харин хүсэл эрмэлзэл зэрэг амьдралаас урган гарч байгаа зүйлүүд нь бусад орныхтой адилхан байдаг. Өөрөөр хэлбэл аль ч улсын энгийн иргэд дайн дажингүй, энх тунх, элбэг хангалуун амьдрахыг хүсдэг.

-Та “American corner” буюу Америкийн соёл мэдээллийн төвийн үйл ажиллагаанд оролцлоо. Сэтгэгдлээсээ  хуваалцах уу?

-Өнөөдрийн үйл ажиллагаа маш их таалагдлаа. Бидний хамтарч ажиллаж байгаа байгууллагууд болох аймгийн ЗДТГ, аймгийн Төв номын сан хийгээд энгийн иргэд, багш нар хамтран энэ төсөл дээр ажиллаж байгаа нь үнэхээр сайхан байна. Төрөл бүрийн ном, интернэт, техникийн шийдлүүд бүхий бидний сайжруулсан зүйлүүд үйлчилгээ маань хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нөлөөлнө гэж бодож байна.  

-Та Америкийн соёл мэдээллийн төвийн үйл ажиллагааг маш товчхон тодорхойлж хэлнэ үү?

-Манай Улсын Элчин сайдын яамны зүгээс Монголд олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Эдгээрийн нэг нь Монголын ард түмэнд Америкийн тухай, америкийн ард түмний аж амьдрал, бусад мэдээллийг өөрсдийн эх сурвалж буй энэхүү төвүүдээр дамжуулан хүргэдэг үйл ажиллагаа юм. Хоёр дахь гол зорилт бол англи хэл.“Англи хэлтэй хүн дэлхийд гарах гарцтай болно” гэж Дорноговь аймгийн Засаг дарга энэ үйл ажиллагаанд оролцох үеэрээ онцлон тэмдэглэсэн. Бид ч  санал нэг байна. Олон монгол хүн англи хэл сурч чадвал дэлхий рүү гарах гарц нээгдэж, олон боломжийг нээх болно. Гурав дахь зорилт нь энэ төв дээр хүмүүс уулзаж нэгдсэн үнэт зүйлээ хуваалцаж, хоорондоо нээлттэй ярилцах боломжийг олгох тухай. Тухайлбал ардчилал, эрх чөлөө, жендэрийн тэгш байдал, тэгш боломж гээд өргөн сэдвээр хэнээс ч ичиж эмээлгүйгээр ярилцдаг чөлөөт талбар байгаасай гэж хүсч байгаа.

-Энэ үйл ажиллагаанд оролцсоноор тухайн хүнд ямар чадвар, давуу тал буй болох бол?

-Манай төв дээр ирж байгаа хүүхдүүд өөрсдөө юу сурч мэдсэн хийгээд англи хэлээ сайжруулж, хэрхэн чөлөөтэй ярьж байгааг та бүхэн харсан. Энэ боломжуудыг олгох нь л  бидний хувьд хамгийн чухал юм.

-Ажиллахын хажуугаар сурах боломжтой иргэдэд тохирсон тэтгэлэгт хөтөлбөрийн тухайд?


Бид жил бүр АНУ-д Монгол Улсын 40-50 иргэнийг богино буюу урт хугацааны хөтөлбөрт хамруулдаг. Хамгийн онцлог хөтөлбөр буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгж жилийн хугацаатай солилцооны хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл арван жилийн сурагч нэг жилийн хугацаатайгаар америк айлд амьдарч, америк сургуульд сурдаг. Мөн дараагийн чухал хөтөлбөр бол оюутан залууст болон ажил хийж байгаа хүмүүст зориулсан магистр, докторын хөтөлбөр. Энэ бол бүрэн тэтгэлэгтэй Фулбрайтын хөтөлбөр.

Энэ хөтөлбөрийг Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг. Монголын Засгийн газраас оюутан залуусыг АНУ-д суралцуулахдаа гаргах тодорхой хэмжээний зардлыг манай тэтгэлэгт хөтөлбөрийн зардалтай хамтын нэгдсэн сан болгож төвлөрүүлээд үүнээсээ Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрт 2022 оны  нэгдүгээр сарын 23-нд маш том өөрчлөлт орсон. Учир нь өмнө нь Монголын Засгийн газрын хөрөнгөөр орсон тэтгэлгээр явж байгаа хүмүүст заавал барьцаа хөрөнгө шаарддаг байсныг зогсоож ямар ч барьцаа хөрөнгө шаардахгүйгээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон.

-Дээд тал нь хэдэн насны хүмүүс хамрагдах боломжтой бол?

-Тухайн хөтөлбөрөөсөө хамаарч насны хязгаарлалт тавьдаг. Жишээ нь дунд сургуулийн солилцооны хөтөлбөрт мөн л сургуулийн насны сурагчид хамрагдах боломжтой. Ихэнх хөтөлбөрүүд тухайн мэргэжилтний ажлын карьерыг өсгөх, мэргэжлийн хувьд өсөн дэвжих боломжийг олгодог тул манай хөтөлбөрүүдэд насны дээд хязгаарыг нарийн заасан зүйл байдаггүй. Мэдээж 50 нас хүрсэн бол боломж нь бага байх болно л доо.

-Та яг одоо ямар сэтгэл хөдлөлтэй байна вэ? Тухайлбал манай нутгийн талаар?

-Яг одоо Сайншандын тухай мэдээлэл хомс байна. Өчигдөр орой ирсэн. Маргааш Энергийн төв, Хамарын хийдээр аялна. Мөн аймгийн төвд музей үзнэ. Үүний дараа миний Сайншандын төсөөлөл илүү нэмэгдсэн байх болов уу.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.


Холбоотой мэдээ