Д.Тогтохсүрэн: Олон улсын нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой хөтөлбөр, чиглэл гаргах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-28 15:15:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орос, Украины дайны нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай мэдээлэл өгсөн байна. 


Бүлгийн хуралдааны хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар мэдээлэл өгсөн юм. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Сүүлийн үед олон улсын хурцадмал байдал нь эдийн засагт хүндрэл үүсгэж байна. Үүнийг богино хугацаанд даван туулахад УИХ-аас тодорхой санаачилга гаргаж, шийдвэрлэх шаардлагатай гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ. Тухайлбал, Монгол Улсын хувьд экспорт, импорт хязгаарлагдмал хүрээнд байна. ОХУ, Украины дайнтай холбоотойгоор дэлхий нийтэд шатахууны үнэ өсөж байна. Ер нь олон улсын хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал богино хугацаанд хурдацтайгаар өөрчлөгдсөөр байгаа юм. Эдгээр нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсад үнийн хөөрөгдөл, ам.долларын ханш, шатахууны үнэ болон төлбөрийн асуудлууд үүссээр байна. Олон улсын эдийн засгийн судлаачид энэ нөхцөл байдал цаашид удаан хугацаанд үргэлжлэх болов уу гэж дүгнэж байна. Тиймээс нэг удаа арга хэмжээ авч,  шуураад өнгөрөх асуудал биш, тодорхой хөтөлбөр чиглэл гаргах ёстой  гэсэн дүгнэлтийг хийлээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас ойрын хугацаанд тодорхой санал бэлтгэж боловсруулаад , УИХ-д хүргүүлэхээр боллоо" хэмээсэн юм. 


Мөн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын санаачилж, өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна.  Энэ нь орон сууцны газрыг оршин суугчдад эзэмшүүлэх тухай төсөл юм. Төслийг өнгөрсөн намрыг чуулганаар хэлэлцэх явцад гишүүдийн байр суурь өөр байсан тул нэгтгэх үүднээс МАН-ын бүлэг завсарлага аваад байв. Бүлгийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих нь зөв гэдэгт гишүүд санал нэгдсэн тухай Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

Холбоотой мэдээ