Гамшгийн үед ажиллах бэлэн байдлыг шалгав

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-03-24 18:40:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг шалгах сургууль зохион байгууллаа.

“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр” буюу гуравдугаар  сарын 24-ний 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарснаар Баянхонгор аймгийн 15 мэргэжлийн анги албад Баганат талбайд дадлага, сургуульд бүрэн жагссан юм.

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга Э.Энхбат дадлага, сургуулийг нээж үг хэлэхдээ мэргэжлийн анги албадын шуурхай байдлыг сайшаан, ард иргэдийн өмнө тулгамдсан аюул гамшгийн өмнө ямагт бэлэн байх үүрэгт нь амжилт хүсэв. 

Дадлага сургуулилтанд гамшгаас хамгаалах 14 алба, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги 20, аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн 1000 орчим ажилтан, албан хаагч, сурагчдыг  хамруулсан байна.

Баянхонгор аймаг дахь мэргэжлийн анги албад тус ажиллагаанд бүрэн оролцож гамшгийн үед ажиллах бэлэн байдлаа аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга гишүүдэд танилцууллаа. Улмаар албадын бэлэн байдалд үнэлэлт өгөхөд Эрчим хүчний хангамжийн алба тэргүүн байр, Ус хангамжийн алба дэд байр, Баянхонгор сумын ЗДТГ-ын анги гуравдугаарт шалгаран батламж, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

Баянхонгор аймаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотнын  хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.