М.Давааням: Мал төллөлт 2,2 хувьтай, 32 мянган төл бойжиж байна

ОРОН НУТАГТ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-22 12:10:22

Увс /МОНЦАМЭ/. Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга М.Даваанямтай ярилцлаа. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр 33 мянган төл хүлээн авсан, төл бойжилт 98,6 хувьтай байна.


-Мал төллөлт болон төл бойжилтын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Оны эхэнд тоологдсон 1 сая 595 мянган толгой хээлтэгчээс одоогийн байдлаар 2,2 хувь буюу 33 мянган толгой нь төллөөд байна. Урьдчилсан байдлаар 32 мянган төл буюу нийт төлийн 98,6 хувь нь эсэн, мэнд бойжиж байна. Мал төллөлт эхэлсэнтэй холбоотой сумдын Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн. Нүүдэл ихтэй Өлгий, Өмнөговь, Тариалан суманд нүүдлийн штабыг бүсчилсэн хэлбэрээр байгуулсан ба отрын малчид эхнээсээ нүүцгээж байна. Гуравдугаар сар гарсаар нийт нутгаар цаг агаар тогтуун, дулаан байсантай холбоотой мал төллөлтөд хүндрэл бэрхшээл гараагүй бол ойрын өдрүүдэд нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байна. ОБГ-аас сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг бүрэн гаргасан. Цаашид цаг агаарын хүндрэлийг харгалзан улсын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг гаргахаар төлөвлөөд байна.

-Энэ жил нийт мал сүргийн хэдэн хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан бэ?

-Жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээнд 3,726,399 толгой мал тоологдсон. Энэ жилийн тухайд 1,216,000 толгой буюу нийт мал сүргийн 26.3 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Манай аймагт 9848 малчин өрхийн 17,400 орчим малчин жилийн дөрвөн улиралд мал аж ахуй эрхлэн аж төрж байна. Малчид маань өвлийг өнтэй давж, мал төллөлтийн их ажилдаа ханцуй шамлан ороод байна.

-Баяд үүлдрийн хонины цөм сүргийн аж ахуй байгуулах ажлын явц хэр байна?

-Баяд үүлдрийн хонь чийрэг бие бялдартай, амьдын жингээр бусад аймагт үржүүлж байгаа монгол хониноос давуу талтай. Намар цагт баяд омгийн хуц 61,5 кг, эм хонь 53,3 кг амьдын жинтэй байдаг.

Иймд “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Малчин, Зүүнговь суманд баяд үүлдрийн хонины цөм сүргийн аж ахуй байгуулах ба хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах ажлыг хийнэ. Уг ажилд 400 сая төгрөг зарцуулагдахаар тендер зарлагдаад байна.

-Саяхан салбарын сургалт, зөвлөгөөн хийсэн. Ямар асуудлуудыг хэлэлцэв?

-“Хөдөө аж ахуйн салбарын ажлыг эрчимжүүлэх нь” сургалт зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. 19 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Мал аж ахуйн төлөвлөлт, менежмент, малын үржлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооллын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцсон. Зөвлөгөөнөөс мал үржлийн чиглэлээр цаашид хийх ажил бүхий зөвлөмж гарсан байгаа. Тухайлбал, баталгаажсан үүлдэр омгийн малд үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, малын тоо толгойн албан татварын орлогоос мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх, малчдыг дэмжих анхдугаар аяныг орон нутгийн түвшинд сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх, Мөн Хархираа, Түргэний уулсаар нутаглаж буй сарлагийг судлан “Хартай сарлаг” үүлдэр болгох суурь судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран хийхээр төлөвлөсөн гэх мэт олон ажлыг дурдаж болно.

-Мал аж ахуйн нэгдсэн мэдээллийн системтэй болох ажил хэр явагдаж байна?

-Тус ажлыг сум, орон нутгийн сангууд болон Шинэ хөдөө-Увс” төслийн санхүүжилтээр хийхээр хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдтэйгээ гэрээ байгуулаад байна. Ингэснээр бүх малчдын мэдээлэл, малыг ээмэгжүүлэх, программд оруулах зэрэг ажлууд хийнэ. Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд, сүргийн эргэлтийн программ, малын удамзүйн үнэлгээний, хурдан морины гэх мэт 5 программ бүхий нэгдсэн системтэй болох юм.

-Бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад анхаарч байна уу?

-Бэлчээрийн ургамал хамгаалах ажлыг орон нутагтай хамтран зохион байгуулах, бэлчээрийн усан хангамжийн зориулалттай инженерийн хийцтэй 12-аас доошгүй худаг шинээр гаргах, 3-аас доошгүй худаг засварлах, мөн энгийн уурхайн 2-оос доошгүй худаг сэргээн засварлах, 2-оос доошгүй булгийн эхийг хашиж тохижуулах ажлуудыг хийнэ. Цаашид энэ хүрээнд хийж хэрэгжүүлэхээр олон ажил төлөвлөгдсөн. Мөн зарим суманд улсын төсвийн хөрөнгөөр 4 худаг гаргахаар төлөвлөсөн байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ