“Ухсан бол ургуул” гэсэн шаардлагыг тавина

ТЭРБУМ МОД
167@montsame.mn
2022-03-17 14:07:30

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ирэх жилүүдэд 20 сая мод тарихаар төлөвлөж байна. Хамгийн гол нь мод тарихдаа “Ухсан бол ургуул” гэсэн шаардлагыг тавьж ажиллана гэдгийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тодотголоо. Нэн ялангуяа Дорнод аймгийн газрын доод болон дээд баялгийг ашиглаж байгаа уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа явуулдаг компаниудад дээрх шаардлагыг тавьж, олборлосон бүтээгдэхүүний хэмжээгээр мод тариулж, байгалийн нөхөн сэргээлт хийлгүүлэх зарчмыг барьж ажиллах юм.

Түүнчлэн хөтөлбөр хэрэгжих 10 жилийн хугацаанд хот суурин газар, авто зам, төмөр зам дагуу газар тариалангийн бүсэд ойн зурвас байгуулах, хот суурин газар ногоон байгууламж байгуулах, тал хээрт агро ойн аж ахуйн бүтэцтэй хувийн хэвшлүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Өвөөгийнхөө тарьсан модны сүүдэрт ач, зээ нар нь тоглодог гэдэг үг бий. Тарьсан мод бүрийг ургуулах, түүнийг олон жилийн турш арчилж тордох нь хамгийн чухал учраас мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг дэмжин урамшуулж, ногоон байгууламж хариуцсан ОНӨГ-ыг байгуулах аж. Мөн гэр хороололд хүнсний ногоо, мод тарих өрхийг дэмжиж гүний худаг бүхий усжуулалтын системийг байгуулахаар судалж байна.

Холбоотой мэдээ