Газрын баялаг ашиглахдаа иргэдэд байгаль орчны нөлөөллийн мэдээлэл өгдөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-03-17 12:51:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


Төслийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэх” эрхийг хангасан заалт, хуулийн 16,17 дугаар зүйлд заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ- болон Засаг даргын бүрэн эрх хэмээн заасан байдаг. Уг заалтад “харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, ИТХ-д тайлагнах” гэсэн үүрэгжүүлсэн заалт нэмжээ.


Мөн хуулийн төслийн үзэл баримтлалын дагуу Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд дараах  нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ. Үүнд: 


-хуулийн 14 дүгээр зүйл буюу Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үүрэг гэсэн хэсэгт “иргэний хүсэлтийн дагуу өөрийн үйл ажиллагаатай холбоотой газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангах үүрэгтэй.”


-хуулийн 18 дугаар зүйл буюу Нөлөөллийн үнэлгээний үйл ажиллагааны олон нийтийн оролцоо гэсэн хэсэгт “18.5.Иргэн тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргана.”


-“18.6.3асаг дарга иргэний энэ хуулийн 18.5-д заасан хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14.8-д заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.”


-“18.7.Иргэн үйл ажиллагаатай нь холбогдуулан газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаарх мэдээлэл авах, танилцах боломж олгох хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгчид гаргаж болно.” гэсэн заалт нэмэхээр тусгажээ.


Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, ховор ан амьтдыг аялал жуулчлалын зориулалтаар агнах зөвшөөрөл олгож байгааг шүүмжлэв. Ховор ан, амьдыг хамгаалахтай холбоотой хуулийн төслийг боловсруулахаар ажлын баг байгуулсан хэмээн БОАЖ-ын сайд Б.Эрдэнэ тайлбарласан юм.


УИХ-ын гишүүн С.Чинзориг, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр уурхайн ашигласан газарт дахин нүх ухдаг гэсэн шүүмжлэл орон нутгийн иргэд хэлдэг. Энэ талаар тодорхой судалгаа хийсэн үү хэмээн асуув.


Монгол Улсын хэмжээнд зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай эвдэрч сүйдсэн 30 мянга орчим га талбай байдаг аж. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт найман га талбайг нөхөн сэргээхээр тусгасан байна. Үүнтэй холбогдуулан "Оюутолгой", "Эрдэнэт" үйлдвэртэй хамтарч эхний ээлжид 2300 орчим га талбайг нөхөн сэргээх гэрээ хийжээ. Баянхонгор, Говь-Алтай  аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн хариуцлагагүй компаниудын улмаас ховордсон ан амьтан БНХАУ-ын нутаг руу шахагдах, амьдрах орчин нь хумигдсан асуудал үүссэн байна. Тиймээс тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, ховордсон ан амьтныг хамгаалах, нутагшуулах, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлуудыг төсөвт суулгаж, байгалийн цогцолборт газрууд руу шилжүүлнэ хэмээн БОАЖ-ын сайд хэллээ.


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг аймгуудад агаарын бохирдол нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг төр засгийн нэгдмэл бодлогоор шийдвэрлэх боломж байгаа эсэхийг тодрууллаа. Тэрбээр, “УИХ-ын гишүүд нь өөрсдөө хөөцөлдөөд Архангай аймгийн Цэцэрлэг хотод утаагүй түлшний үйлдвэр бариулах зураг төслийг хийж байна. Уг нь гишүүд хуулиа баталж, хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах үндсэн ажлаа хиймээр байх юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд өөрчлөлт оруулах боломжтой юу. Архангай аймгийн төвд байдаг Булган уулыг 1956 онд дархад цаазат болгосон байсныг хожим түүх соёлын дурсгалт болгож, зэрэглэл бууруулсан. Булган уул 200-300 жил болсон хүрээ хийдийн хойно байдаг” гэв.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “Сайдын хувьд орчны бохирдлыг бууруулах хорооны даргаар ажилладаг. Ажлаа авсныхаа дараа өнөөдрийг хүртэл орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог гурван удаа хуралдуулсан. Өнгөрсөн хугацаанд зөвхөн нийслэлийн утаанд гол анхаарлаа хандуулж ирсэн. Нөгөө талдаа нэгдсэн стандартыг гаргаагүйгээс орон нутагт утаа ихэссэн. Тиймээс бид нэгдсэн стандарт тогтоох ёстой гэж үзэж байгаа. 2022-2023 онд нэгдсэн бодлогоор Засгийн газрын хуралдаанд тодорхой асуудлуудыг оруулна. Үүн дээр нэгдсэн төлөвлөгөөг эрдэмтдийн багтай хамтран гаргана” гэв. Булган уулыг цаазат ангилал руу оруулах хүсэлт иргэдээс БОАЖЯ-нд  ирсэн бөгөөд судалгаа хийж буйг тус яамны удирдлагууд дурдлаа.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.


Чуулганаар “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ