Замын-Үүд боомтоор өдөрт 10 чингэлэг нарийн ногоо оруулж ирж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-11 12:19:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын хилийн хязгаарлалтаас үүдэн манайд бараа материалын хомсдол, үнийн хөөрөгдөл байсныг үгүйсгэхгүй. Өнгөрсөн 7 хоногоос эхлэн Замын-Үүд боомтоор өдөрт 10 чингэлэг нь нарийн ногоо хүнсний ногоо оруулж байна.


Монгол Улс, БНХАУ-ын тал харилцан тохиролцож, эдгээр 10 чингэлгийг өдөртөө оруулаад буцаах үүрэг хүлээснийг ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ онцлоод, “Хилээр барилгын материал, хүнс, гэр ахуй, сэлбэг хэрэгсэл гэсэн бүтээгдэхүүний чингэлэг тээврийг түлхүү нэвтрүүлж байна. Бараа таваарын эргэлт нэмэгдэж байгаа тул хоёр тал хилийн цэг дээр талбайгаа өргөтгөх тухай ярилцаж байгаа. Үүнд хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмж, хүн хүч шаардлагатай. Зөвхөн тэг цэгт БНХАУ-ын тал гэхэд 7-8 тэрбумын хөрөнгө оруулахаар байгаа. Тиг цэг дээрх түгээлтийн талбайн хэмжээг өргөтгөснөө хэрхэн ашиглах тооцоо хийж байна. Үүний дараа яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ” хэмээсэн юм.


Замын-Үүдэд тээвэр хийж байсан иргэд тээвэрлэлтийг хуучин горимд шилжүүлэх хүсэлт тавьсныг биелүүлэх боломжгүйг дэд сайд онцоллоо. БНХАУ-ын талд цар тахлын хорио цээрийн дэглэм буураагүй байгаа тул ярихад эрт байна. Тээвэр зохион байгуулалтад хувийн хэвшлийнхэнд оролцох боломж нээлттэй. Өдөрт Замын-Үүдээр гарч буй тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь урьд нь бүртгэлтэй байсан тээврийн хэрэгсэл байгааг дуулгав. 


БНХАУ-ын тал гаалийн хашаанд оруулдаг тээврийн хэрэгслийн чингэлгийн бүртгэлийн хувьд өмнө нь хэл ам гарсан тул ил тод болгох үүднээс сугалааны зарчимд тулгуурласан аппликэйшн хийснийг Ж.Бат-Эрдэнэ нэмж тайлбарласан юм.  


Төрөөс зохион байгуулж буй тээвэрлэлтэд Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл явж байгаа. “Их говь транс ложистик”, “Говийн хан транс”, “Монголын эрч чингэлэг” гэсэн 3 компани оролцсоны нэг нь гадаадын хөрөнгө оруулалттай, Монголд үйл ажиллагаа явуулдаг аж. Тээвэрт 56 машин явж байгаагаас бүс нутгийн ложистикийн төвд 6 нь нэвтэрдэг. Эдгээр тээврийн хэрэгсэл бензин, сэлбэг хэрэгслийн үнэ гээд өдөрт 500 мянган төгрөгийн түрээс төлдөг байна. 

Монгол талаас хилийн тиг цэгээс бүс нутгийн логистикийн төв хүртэлх тээвэрлэлтийг төрөөс зохион байгуулж байгаа бол хилийн дундын бүсээс орон нутаг, Улаанбаатар хүртэл явахад иргэд тохиролцоод явж байгаа. 


Харин хойд хил дээр одоогоор ямар нэгэн саад гараагүй, бүтээгдэхүүн хэвийн нийлүүлж байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

 

 

Холбоотой мэдээ